АНЭУ-д уржигдар дууссан пара буудлагын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр З.Ганбаатар 10 метрийн хийн гар бууны ганцаарчилсан болон багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын удирдлагад цэц сорьсон тэрбээр тэмцээний сүүлчийн өдөр 50 метрийн сонгомол гар бууны дасгалд оролцохдоо 542 оноогоор шигшээд шалгарчээ.
Улмаар эл амжилтаар “Токио-2020” паралимпийн наадамд оролцох эрх авав. Ховд аймгийн харьяат, олон улсын хэмжээний мастер З.Ганбаатар 2008 онд дасгалжуулагч В.Ганцоожийн удирдлагад буудлагаар хичээллэж эхэлжээ. “Дубай-2011” дэлхийн наадмын мөнгө, “Инчон-2014” Азийн наадмын хүрэл медальт, дөрвөн жилийн өмнө ДАШТ-д долдугаар байрт шалгарсан тэрбээр Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 10-аад медальтай. З.Ганбаатар “Рио-2016”-д өрсөлдсөн туршлагатай.
Сонирхуулахад, одоогоор Монголын гурван тамирчин паралимпийн наадамд өрсөлдөх эрх аваад байна. З.Ганбаатараас өмнө таеквондоч Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар “Токио-2020”-ыг зорих “тийз”-ээ захиалсан юм.