ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон, Лондоны хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Нихил Рати, Лондоны хөрөнгийн бирж группийн Европын бүсийн анхдагч зах зээлийн үйл ажиллагаа хариуцсан захирал Аюуна Нечаева нар Монголын хөрөнгийн биржид өнгөрсөн баасан гарагт зочилж, 5916 дахь удаагийн арилжааг нээж цан цохилоо.
Энэ үеэр хоёр биржийн хамтын ажиллагаа сүүлийн найман жилд үр дүнтэй хэрэгжиж, томоохон ахиц дэвшлүүд гарсныг талууд онцолжээ. Цаашид Монгол, Лондоны хөрөнгийн биржид давхар бүртгэл хийх замаар шинэ бүтээгдэхүүнүүд бий болгох, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, Монголын хөрөнгийн зах зээлийг Лондон дахь хөрөнгө оруулагчдад сурталчлах, дотоодын мэргэжлийн боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой буйгаа хоёр тал илэрхийлсэн байна.
Эргэн сануулахад, дээрх биржүүд 2011 оны дөрөвдүгээр сарын эхээр ажлын мастер гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.