Улсын бүртгэлийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банк хамтран “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох төсөл”-ийг өнгөрсөн оноос хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд 2018 онд Увс, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 12 аймгийн 39 сум, нийслэлийн Баянзүрх, Согинохайрхан дүүргийн 11 хороог бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбожээ. Энэ жил нэмж 120 сумыг уг сүлжээнд холбохоор төлөвлөж буйгаа мэдээлэв.
Уг төсөл нь улсын бүртгэлийн мэдээллийн санг цэгцлэх, тоног төхөөрөмж, дэд бүтэц, төрийн албан хаагчдын чадавхыг сайжруулах зорилготой аж. Төслийг хэрэгжүүлснээр сум, хорооны иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг оршин суугаа газраасаа авах боломжтой.
Өмнө нь иргэд дээрх үйлчилгээг авахын тулд аймгийн төв, дүүргийн ЗДТГ-т очих шаардлагатай байв. Үүний тулд 2-290 км туулан, 1000-250 000 төгрөг зарцуулахаас гадна багагүй хугацаа алддаг. Дээрх төслийн хүрээнд эмнэлгүүдэд цахим систем суурилуулж, улсын бүртгэлийн бүх мэдээллийг нэгтгэсэн сантай болсон аж.