Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн өчигдөр эхэллээ. Зөвлөгөөнд бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, тосгон, хорооны Засаг дарга болон Тамгын газрын дарга 500 гаруй хүн оролцож байна. Зөвлөгөөнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээсэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.
Тэрбээр Засгийн газар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгасан зорилт, арга хэмжээнүүдээс удаашралтай байгааг нь эрчимжүүлэх, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хугацаанд нь амжуулахыг анхааруулав.
Ингэхдээ есөн аймагт дулааны станц, 10 аймгийн цэвэрлэх байгууламжаас гадна 117 сургууль, 34 цэцэрлэг, анхан шатны 62 эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг ил тод, шуурхай зохион байгуулж, чанар, гүйцэтгэлд нь анхаарах ёстой гэв.
Мөн “Хууль бус төлбөр, хураамж авч хяналтгүй зарцуулдаг, худалдан авах ажиллагаанд танил тал, хамаарал бүхий этгээдээ шалгаруулдаг, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас нь чөлөөлсний улмаас төсөвт хохирол учруулдаг, Сум хөгжүүлэх болон Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг зүй бусаар зарцуулдаг, нөхөн сэргээлт хийлгэх нэрээр гэрээ байгуулж, ашигт малтмал олборлодог, “ИТХ-ын даргын нөөц хөрөнгө” гэх зүйл бий болгож, улстөрждөгөө зогсоох ёстой” хэмээн дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллахаа илэрхийллээ. Засаг дарга нар ажилгүйдэл, ядуурлыг хэр зэрэг бууруулснаар ажлыг нь дүгнэхээ ч хэлэв.