УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжийн нэрээр зээл авсан хэмээн буруутгаж, яллагдагчаар татан шалгахаар болж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-д хүргүүлсэн.
Гэвч тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн УИХ-ын гишүүд хамгаалж үлдсэн билээ. Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Ундармаа АТГ-т очиж, яллагдагчаар тооцох тогтоолтой танилцаж, гарын үсэг зурсан талаар бид мэдээлсэн. Харин хамгийн сүүлд авсан мэдээллээр, Л.Энхболд, Б.Батзориг, Д.Дамба-Очир нар уг тогтоолтой танилцан, гарын үсгээ зурсан байна.
Өдгөө Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Солтан л хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг үл ойшоож, яллагдагчаар тооцох тогтоолтой танилцахгүй байгааг баттай эх сурвалжууд мэдээлэв. АТГ-аас удаа дараа зарлан дуудах хуудас өгсөн боловч “Хөдөө ажлаар явж байна”, “Гадагшаа томилолтоор явлаа” хэмээн зугтаж буй аж.