Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XVII хороонд 62 настай Ц-ыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Уг хэрэг гарсан газарт бид өчигдөр очсон юм. I хорооллын нэгэн байрны нэгдүгээр давхрын нэг өрөө байранд талийгаач ганцаараа шахам амьдардаг байжээ. Цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийгээд төмөр хаалгыг нь лацдан явсан байв.
Тус байрны оршин суугчдын өгүүлснээр талийгаач хэдийгээр тэтгэврээ тогтоолгосон ч нэгэн их сургуульд багшилдаг, доктор, профессор цолтой хүн аж. Уг байранд таван жилийн өмнөөс амьдарч эхэлсэн бөгөөд сүүлд суусан эхнэр нь дагавар охиныхоо хамт дээрх хорооллын өөр нэгэн байранд тусдаа амьдардаг юм байна. Хэдийгээр талийгаач үе үе гашуун ус хүртдэг ч гэсэн танихгүй хүнтэй огт уудаггүй, гэртээ дагуулж ч ирдэггүй нэгэн байсан гэнэ.
Түүнийг хөнөөсөн хэрэгт талийгаачийн дагавар хүү Э-г саатуулан шалгаж байгаа гэдгийг цагдаагийн эх сурвалжууд өгүүлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав. Байрны оршин суугчид “Сэжигтэн хүү нь эхнэрээсээ салсан, заримдаа хүүхдээ дагуулаад архи уугаад явж байхтай таарч байсан” гэв. Талийгаачийг амиа алдсныг мэдсэн болон өмнөх өдөр нь Э-г уг байраар орж гарсан эсэхийг харсан хүн үгүй гэнэ.
Зарим хүн “Манай СӨХ-ныхон аравдугаар сарын 1-нд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Талийгаач ч энэ арга хэмжээнд уригдсан байсан. Гэвч тэрбээр тухайн өдөр бараа нь ч харагдаагүй. Магадгүй ахмадын өдрөөс өмнө ч амиа алдсан байхыг үгүйсгэхгүй. Багш хүн болохоор олонтой нийцтэй, архи уусан ч гэсэн агсам тавиад байдаггүй. Харин тэр дагавар хүүгээсээ айдаг бололтой.
Манайхаар Э-г ирвэл намайг гараад явсан гэж хэлээрэй гэчихээд найз багшийндаа очихоор явж байхтай хоёр ч удаа таарсан” гэв. Хэрэг гарсан талаарх дуудлагын дагуу ирээд үзлэг хийсэн цагдаагийн ажилтнууд гэрээс нь янз бүрийн зүйл алга болсон шинжгүй болохоор нь талийгаачийг амиа хорлосон гэж үзэж байж. “Яаж ч бодсон уг нь амиа хорлох гэсэн хүн олон удаа хүзүүгээ мэсээр хатгаад зогсохгүй нь ойлгомжтой шүү дээ” хэмээн эрх бүхий албаны хүмүүст загнуулсан цагдаагийн ажилтнууд дахин үзлэг хийж гаднын нөлөөтэй нас барсан гэдгийг тогтоожээ. Энэ хэргийг УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалтай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгахаар болсон байна.
Г.ОРЧЛОН