МАН-ын Хяналтын Ерөнхий хорооноос мэдээлэл хийж, намын шинэчлэлийн талаар танилцуулсан. Тодруулбал, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн байна. НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг 60 тэрбумын бичлэгт байсан, энэ схемийг хэрэгжүүлсэн хэмээн үзсэн бол С.Мөнхчулууны тухайд төрсөн дүү нь олон нийтийн газар сэлэм барьж танхайрсан, удаа дараа хар тамхи, мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдсон, намын УЗ-ийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцсон юм.
Харин энэ талаар НИТХ-ийн төлөөлөгч С.Мөнхчулуунаас тодрууллаа.
-Намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн шалтгааныг хэрхэн тайлбарлах вэ?
-МАН бол тусгаар тогтнол, эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэхийг үзэл баримтлалаа болгон ажилладаг. Тиймээс өчигдрийн гаргасан шийдвэрийг шударга байсангүй, гишүүдээ ялгаварлаж байна хэмээн үзэж байна. Учир нь УЗ-өөс ирүүлсэн нэр дэвшигчийн эсрэг хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэр дэвшсэнийхээ төлөө намаас хөөж байгаа бол яахын аргагүй шударга бус байна. Анх удаагаа ийм зүйл тохиолдож байгаа хэрэг биш. Надтай өрсөлдөж, олонхийн санал авч чадаагүй НИТХ-ийн дарга С.Амарсайхан нь намын бодлогыг сөрж, заалнаас нэр дэвшээд НИТХ-ын даргад сонгогдож байсан. Үүнээс нэг жилийн дараа намын бодлогоор түүнийг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүллээ. НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Надтай ижил дээрээ дэмжлэггүй жирийн гишүүд намын бодлого сөрсөн хэргээр хөөгдөж байгаа нь байж болохгүй асуудал. Иймд би намын УЗ-д өргөдөл гаргана. НИТХ-ын төлөөлөгчийн хувьд би дахин нэр дэвшиж, өрсөлдөнө гэсэн байр суурьтай байна.
-Таныг дэмжсэн төлөөлөгчийг мөн адил шалтгаанаар хөөсөн гэх хардлага олон нийт дунд бий?
-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг хөөсөн асуудлын хувьд 60 тэрбумын хэргээр яагаад заавал одоо сөхөж гаргаж ирж байгаа юм бэ, өмнө нь гаргаж ирж болоогүй юм уу. Хэрэв тэр хүн намайг ямар нэгэн байдлаар дэмжсэн хэрэгт буруутгагдан хөөгдөж байгаа бол дэмжсэн гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бэ гэдэг асуудал тавигдана. Санал хураалт нууц горимоор явагдсан. Тэгээд ч хэнийг сонгож, дэмжих нь тухайн төлөөлөгчийн бүрэн мэдэх асуудал. Иймд нийслэлийнхээ иргэдийн санал хүсэлтийг тунгаан үзэж, сонголтоо хийнэ гэдэгт итгэж байна.
-Дахин Хотын даргын албан тушаалд өрсөлдөнө гэсэн үг үү?
-Надаас бага санал авсан төлөөлөгч нэр дэвшиж байхад олонхийн санал авсан би заавал өрсөлдөнө. Тойргийнхоо иргэд сонгогчид болоод надад итгэж саналаа өгсөн 24 төлөөлөгчийн сонголтыг хүндэтгэнэ.
-Таныг батламжлахаас татгалзсан Ерөнхий сайдын албан бичигтэй танилцсан уу. Татгалсан үндэслэл нь юу байсан юм бэ?
-Ганцхан өгүүлбэртэй албан бичиг хэвлэл мэдээлэл болон цахим орчинд тархсан байсан. Үндэслэл болон хавсралт ч байхгүй. Хуульд зааснаар үндсэн дөрвөн шалгуур бий. Ял шийтгэл эдлээгүй, төрийн албанд гурваас дээш жил ажилласан, татварын өргүй гэх мэт. Эдгээр шалгуурыг би бүрэн хангаж байгаа. Тиймээс ямар ч татгалзах үндэслэл ирэх боломжгүй.
-Намын гишүүнчлэлээс хасагдсан учир бие дааж нэр дэвших үү?
-Намын дүрэмд гаргасан зөрчлөө арилгасны дараа өргөдөл өгөн дахин намын гишүүнчлэлээ авах боломжтой гэж заасан.
-Энэ боломжтой юу?
-Эхлээд эрх баригч намаас нэр дэвшүүлсний дараа төлөөлөгчид өөрийн нэрийг болон бусдын нэрийг дэвшүүлж болно гэсэн заалттай. Иймд би төлөөлөгчийн хувиар нэрээ дэвшүүлнэ.
-Хэрэв та дахин сонгогдсон тохиолдолд Ерөнхий сайд буцаах эрх бий юу?
-Ерөнхий сайд нэг л удаа буцаах эрхтэй. Батламжлахаас татгалзсан тохиолдолд НИТХ дахин хуралдаж, 15 хоногийн дотор нэр дэвшигчийг сонгоно. Үүнийг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах ёстой.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх бид хоёрын хооронд ямар нэгэн хувийн харилцаа байхгүй. Би Нийслэлийн намын дэд даргаар ажиллаж байхдаа ажил хэргийн уулзалтуудад 1-2 удаа л тааралдаж байсан. Иймд Ерөнхий сайдын зүгээс ч иймэрхүү асуудал байгаа гэж бодохгүй байна. Харин ямар үндэслэлээр буцаасныг У.Хүрэлсүх сайд өөрөө л мэдэж байгаа байх.
-Таныг батламжлаагүй шалтгааныг дүү Бямбацогттой холбож яриад байгаа. Энэ талаар?
-Бид тусдаа амьдралтай хүмүүс. Сэлэм эргүүлсэн гэх хэрэг яг одоо шалгагдаж байгаа. Хэрэв үүнийг надтай холбож байгаа бол би гомдолтой байна.
Би Нийслэлийн Засаг даргын ажлыг албан тушаал бус үүрэг хэмээн бодож байна. Хэрэв миний дүү тийм хэрэгт буруутай бол би илүү их ачаа үүрч, энэ асуудлуудыг цэгцлэхийн төлөө хичээж ажиллах болно.