ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн тасгийнхан 2018 онд мэс заслын хэд хэдэн арга нэвтрүүлсэн. Үүний дотор цээжний хэнхэрцэг (хавирга, өвчүү, дал)-ийн хүнд хэлбэрийн хугарлыг бэхлэх мэс заслын аргыг эмчилгээ, үйлчилгээндээ ашиглаж эхэлжээ.
Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч М.Гантулга “Цээжний хөндийн гэмтлийн тогтворгүйтлийг эмчлэх мэс заслын аргын давуу тал нь хэнхэрцгийн гэмтлийг эмчилж, хугарлыг бүрэн сэргээнэ. Өвчтөний хөдөлмөрийн чадварыг сайжруулж, эмнэлэгт хэвтэх хугацааг багасган, иргэд болон улсын эдийн засгийг хэмнэх ач холбогдолтой. Мөн амьсгалын эрт үеийн болон архаг дутагдлаас сэргийлнэ. Мэс заслын багт зөвлөх эмч Ц.Цэнд-Очир, П.Баярсайхан, Ц.Батбаяр, Х.Батдэлгэрэх, З.Энхмандах нар ажиллаж байна” гэв.