Манай улс жилд 80 тэрбум төгрөгөөр 20 мянган тонн алим импортолдог гэнэ. Ганцхан төрлийн жимсэнд гадаад руу урсгаж буй энэ их мөнгөний урсгалыг дотооддоо төвлөрүүлэх боломжтой нэгэн төслийг “Булган голын алим” компанийнхан танилцууллаа.
Ховд аймгийн Булган суманд торниун, давжаа, бэсрэг сортын алим тарьдаг тус компанийн захирал Х.Балжинням “Булганд алим тарьж ургуулах таатай нөхцөл бүгд бий. Торниун алимын зургаа, бэсрэг алимын тав, давжаа алимын 14 сорт тэнд нутагшсан. Эдгээрийг Жимс ой турших станц, Нэгдүгээр сургуулийн туршилтын талбайд 1959 онд тарьж нутагшуулснаас хойш 60 гаруй жил үр өгөөжөө өгч байна. Алимыг үрээр бус, заавал залгаж ургуулдаг. Суулгацыг нь залгаж үржүүлэхэд багадаа 4-5, талбайд суулгаад, ургац хураах хүртэл 3-4 жил шаардлагатай. Үүнээс болоод дотоодын хэрэгцээг хангахуйц их хэмжээний алим тарьж, хураан авч чаддаггүй. Урт хугацааны дэмжлэг, хамтын хүч чухал учраас ийм төсөл санаачилсан” гэв. Монголчуудын алимын хэрэгцээг бүрэн хангахын тулд жилд 105 мянган тонныг нийлүүлэх шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. Нэг модноос дунджаар
35 кг алим хураан авдаг гэж барагцаалбал алимын мод гурван саяыг нэмж тарих хэрэгтэй аж. Тиймээс төсөл санаачлагчид Булган сумын иргэн, өрх, албан байгууллага, цаашлаад энэ чиглэлийн аж ахуй эрхлэх хүсэлтэй хүн бүрийг “Алим” төсөлд нэгдэж, алимын мод тарихыг уриалав. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд энэ чиглэлд хамтарч, эсвэл төр бодлогоор анхаарвал бүр ч үр дүнтэй гэж “Булган голын алим”-ынхан үзэж буй.