Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Байгаль орчин бидний ирээдүйд” төсөл хэрэгжүүлж буй. Баруун бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, өртгийн сүлжээг хөгжүүлэх замаар биологийн төрөл зүйлийг хамгаалахад хувь нэмэр оруулах нь төслийн гол зорилго.
Тус байгууллагынхан энэ хүрээнд савангийн үйлдвэр байгуулах санаачилга гаргаж, үүнийгээ ажил хэрэг болгохоор ажиллаж байгаагаа мэдээлэв. Ховд аймагт мах бэлтгэлийн гурван үйлдвэр бий. Тэндээс гарч буй өөхийг боловсруулж, саван үйлдвэрлэх боломжтой гэж судлаач, мэргэжилтнүүд үзжээ.
Савангийн бага оврын үйлдвэр байгуулснаар “Байгаль орчин бидний ирээдүйд” төслийн зорилго биелэхээс гадна малын гаралтай хаягдал багасна гэж тооцоолж байгаа гэнэ. Энэ бүхнийг судалгаа, тооцоололд үндэслэн бодитой дүгнэж, савангийн үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах үйлдвэрлэлийн технологи болон бизнесийн мэргэжилтнийг Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан шалгаруулах юм байна.