Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй, гэр бүлийнхнийхээ нэр дээрх орлогын эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй гэсэн үндэслэлээр нэр бүхий зургаан шүүгчид АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэхээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, тэдний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Тодруулбал, Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Ч.Хосбаяр, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын ХОМ-ийг хуулийн хүрээнд нягтлан шалгаж, тодруулах шаардлагатай болсон байна.
Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх нь. Үүний дараа АТГ-ын мөрдөгчид шүүгч нарыг үргэлжлүүлэн шалгах нөхцөл үүсэх юм.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт холбогдоод буй Ц.Амарсайхан шүүхэд 32 жил ажилласнаас Улсын дээд шүүхийн шүүгчийн албыг 19 жил хашиж, өнгөрсөн онд буюу ШЕЗ-ийн 25 жилийн ойгоор “Шударга ёсны элч” тэмдгээр шагнуулсан байдаг.
Ч.Хосбаярын хувьд 2015 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон бөгөөд 2017 онд Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгуульд нэр дэвшиж байсан бол Д.Мөнхтуяа гурван жилийн өмнө эл албан тушаалд томилогджээ. Харин үлдсэн шүүгчдийн хувьд одоогийн албан тушаалдаа томилогдоод 4-6 жил болж буй юм билээ.
Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Монголын шүүх байгууллага бүхэлдээ авлигад идэгдсэн, шүүгчид хэмжээлшгүй хөрөнгөтэй, эрх дархтай хүмүүс, тэр ч бүү хэл “Дансандаа сая ам.долларын хадгаламжтай шүүгч Монголд байна” хэмээн өнгөрсөн жил мэдэгдэж, нийгэмд шуугиан тарьсан.
Үүний дараа ШЕЗ-өөс шүүгчдээ хэдэн төгрөгийн цалинтай, хэдий хэмжээний хөрөнгөтэй гэдгийг нэгд нэгэнгүй дэлгэсэн. Энэ үед Ц.Амарсайхан, Н.Хангал, Ч.Хосбаяр нар хөрөнгийнхөө хэмжээгээр бусдыгаа тэргүүлсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр түгж, шүүгч нар эл мэдээллийг үгүйсгэж байв.
Дээрх зургаан шүүгчийн ХОМ-ийн хураангуйтай танилцъя.