Монгол Улс Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ыг 2016 онд зохион байгуулсан. Энэ үеэр их хэмжээний буюу 209 809.9 сая төгрөгийн зөрчил гарсныг Үндэсний аудитын газраас тогтоож, хууль сахиулах байгууллагаар шалгуулахаар НПГ-т шилжүүлсэн юм.
АТГ болон цагдаагийн байгууллага харьяаллын дагуу зарим хэргийг шалгаж эхнээс нь шүүхэд шилжүүлэх болжээ. Тухайлбал, АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд 2016 оны дөрөвдүгээр сард “Их мандах очир” компани, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох хүмүүстэй “Дүнжингаравын зам дагуу 15 байршилд ногоон төгөл бүхий бичил тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан аж.
Үүнийхээ дагуу Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутгийн 15 байршилд сүүдрэвч барьж, бичил тохижилтыг 114 сая гаруй төгрөгөөр хийжээ. Гэвч тухайн оны тав, аравдугаар сард дээрх компанийн тухайн ажлыг нийт 165 сая төгрөгөөр гүйцэтгэсэн хэмээн Захирагчийн албаныханд хуурамч тайлан гаргаж өгсөн гэнэ.
Улмаар 2016 оны зургадугаар сарын 27, арванхоёрдугаар сарын 20, 2017 оны арваннэгдүгээр сарын 23-нд нийт 152.3 сая шахам төгрөг шилжүүлэн авч НЗДТГ-т 38.1 сая төгрөгийн хохирол учруулсан нь ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчдийн шалгалтаар ил болжээ. Тиймээс энэ хэрэгт холбогдуулан Б.Мягмарсүрэн, Э.Ууганбаатар, Б.Баасансүрэн нарыг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон байна.