Л.Чинбат тэргүүнтэй Монголын үндэсний бөхийн холбооныхон УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн цолыг хураалгах асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, албан бичиг илгээжээ. Тэд Б.Бат-Эрдэнэ аваргын нэг бус түрүүг цуцалж, амжилтаараа хохирсон бөхчүүдэд цолыг нь нөхөн олгох хүсэлт тавив. Эл албан бичигт “Б.Бат-Эрдэнэ 1987 онд улсын наадмын дөрвийн даваанд олимпын мөнгөн медальт, улсын начин Ж.Даваажавт унасан.
Гэвч тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, хөлийн цэцүүд дахин барилдуулах хууль бус шийдвэр гаргасан. Үүнийг Ж.Даваажав эсэргүүцэн “Давж болдоггүй бөх юм бол дахин барилдаж яах юм бэ” гээд өрсөлдөөгүй. Улмаар Б.Бат-Эрдэнийг давсанд тооцсон. Мөн 1993 оны улсын наадмын зургаагийн даваанд улсын начин И.Мөнхбаатарт өвдөг шороодсон ч тухайн үеийн МҮБХ-ны удирдлага Б.Бат-Эрдэнийг давсанд тооцсон нь хууль бус, үндэслэлгүй шийдвэр. Төрийн наадмын түрүүг улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй таван удаа булаалдахдаа бүгдэд нь давахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлага нөлөөлсөн. “Чамд улсын арслан цол өгье. Улсын наадамд халх хүн 10 удаа түрүүлэх гээд байна, унаж өг” гэж шахаж хавчсан.
Тиймээс Б.Бат-Эрдэнийн хууль бус даваануудыг хүчингүй болгон, цолыг нь хурааж, амжилтаараа хохирсон улсын начин Ж.Даваажавт харцага, улсын начин И.Мөнхбаатар, улсын харцага Ж.Намжилдорж нарт заан, улсын гарьд Ц.Цэрэнпунцагт арслан, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэд аварга цол олгоно уу” гэжээ. Тэд дээрх барилдаануудын бичлэгийг албан бичигтээ хавсаргасан байна.