Нийслэлийн ойр орчимд буюу төвийн зургаан дүүрэгт албан ёсны зөвшөөрөлтэй оршуулгын газар долоо бий. Мөн алслагдсан гурван дүүрэгт ийм газар дөрөв байдаг аж. Үүн дээр зөвшөөрөлгүй арав шахам оршуулгын газар байна.
Монгол Улсад оршуулгын зан үйлтэй холбоотой журмыг 2014 онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид баталжээ. Тус журмын зарим заалт өдий хүртэл хэрэгжихгүй байгаа тул дахин шинэчлэх журмын төсөл боловсруулсан гэнэ.
Монголчуудын дунд дээрх журам байдаг, эсэх талаар мэддэггүй хүн олон. Төр, засгаас ч иргэдийн тогтсон ёс заншлыг хөндөлгүй өдийг хүрсэн. Гэтэл уг асуудлыг бизнес болгох, хэт дураараа аашилж буй нь бусдын эрүүл мэнд, амгалан тайван байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрэхэд ойрхон болжээ.
Тодруулбал, 2014 онд баталсан журамд талийгаачийг ил тавихгүй байх талаар заасан. Харамсалтай нь, үүнийг мөрдөхгүй байна. Мөн ямар нэгэн зөвшөөрөл авалгүй, дуртай нь оршуулгын газар байгуулсаар байгаа аж. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, эл асуудлуудыг цэгцлэхээр ажиллаж буй гэнэ. Журмын төсөлд иргэдээс санал авч буй юм байна.