Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн байгаль орчны эсрэг, тэр дундаа хулгайн анчид, түүхий эд борлуулж байсан хэд хэдэн хүнийг шалгаж эхэлжээ. Тухайлбал, алтайн хойлог шувуу агнан махыг нь зарах гэж авч явсан Говь-Алтай аймгийн харьяат иргэн И-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн аж.
Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор алтайн хойлог шувууг ховор амьтны жагсаалтад оруулсан юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “Эмээлт” түүхий эд худалдан борлуулах захад иргэн И, Х нар нэн ховор амьтан болох цоохор ирвэсийн арьс, хөлдөөсөн мах, гавлын ясыг зарах гэж явсныг цагдаагийнхан илрүүлэн шалгаж байна. Эл амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг Засгийн газраас 11.2-13 сая төгрөгөөр тогтоосон бөгөөд 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдсөн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд агнасан, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан үйлдлийг адилтган үзэж 10-40 мянган нэгжээр торгох, 2-8 жил хорих ял шийтгэхээр хуульчилсан. Улсын тусгай хамгаалалттай газраас агнасан бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр болсон билээ.
Дээрх хэргүүдээс гадна иргэн Б, Э нар хүрэн баавгайн долоон ширхэг хөлдөөсөн савар, Д, Н нар уг амьтны савраас гадна доньт, бусад эд эрхтнийг, иргэн А цоохор ирвэсийн хоёр арьс зарахаар автомашиндаа тээвэрлэж явжээ. МБА-ны дээрх хэлтсийнхэн өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 2-нд “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулахдаа эдгээр хэргийг илрүүлсэн юм байна.