СУИС-ийнхан ирэх даваа гарагт номын баяр тэмдэглэнэ. Шинэ бүтээл, шинэ лабораторийнх талаар тус сургуулийн боловсрол эрхэлсэн тэргүүн дэд захирал, шинжлэх ухааны доктор, профессор Ч.Алтанцэцэгээс тодрууллаа.
-Соёл, урлагийн тайлбар толь гаргасныг уншигчид талархалтайгаар хүлээн авсан. Уг номынхоо дараагийн ботийг хэвлүүлжээ.
-Соёл, урлагийн тайлбар толь төслийг эхлүүлж, таван боть хэвлүүллээ. Дүрслэх урлаг, шашин соёл, музейн толь бичгийг өмнөх жилүүдэд гаргасан. Энэ удаад бүжиг, хөгжмийн толийг эрдэмтэн багш нар, Соёл, урлаг судлалын хүрээлэнгийнхний хүчээр, БСШУСЯ-ны дэргэдэх Монгол судлалыг дэмжих сангийн санхүүжилтээр хэвлүүллээ. Бүжгийн толь 1152 толгой үг, 491 гэрэл зурагтай. Хөгжмийнх нь 2589 толгой үг, 481 гэрэл зурагтай гарсан. Монголчууд бүжиг, хөгжмийн арвин сан хөмрөгтэй. Бас дэлхий нийтийн сүүлийн хагас мянганы ололтыг шингээсэн орчин цагийн мэргэжлийн урлагийг өөриймшүүлсэн улс. Сан хөмрөгөө эмхлэн цэгцэлж, дэлгэрүүлэн таниулахад сүүлд гаргасан хоёр боть чиглэсэн. Нэр томьёог цэгцлэх ажил нэлээд урагш ахисан болов уу. Багш болгон л өөр өөрийнхөөрөө нэрлэж байсан зүйлийг эмхэлсэн болохоор цаашдын судалгаа шинжилгээнд нэмэр болно. Цаашлаад театр, кино, телевизийн боть гаргахаар төлөвлөсөн.
-СУИС саяхан Гёте институттэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Үр өгөөж нь юу байх бол?
-Германы Гёте институттэй гэрэл зургийн лаборатори байгуулах гэрээ үзэглэсэн. Ингэснээр 130 000 еврогийн хөрөнгө оруулалтаар Дүрслэх, дизайн урлагийн сургуульд лаборатори байгуулах юм. Үүгээр зогсохгүй сургалтын хөтөлбөр боловсруулж, герман, монгол багш нарыг солилцооны хөтөлбөрт хамруулна. Оюутнууд их дуртай байгаа. Төсөл хэрэгжүүлснээр оюутнуудын өрсөлдөх ур чадвар нэмэгдэх юм. Гэрэл зургийг урлагийн түвшинд авч үзэж, тодорхой хөтөлбөрийн дагуу оюутнуудаа сургана.