“Сайн уу, найзууд аа. Би нэг удаа цаасаар бяцхан ном хийтэл жинхэнийг нь хийх санаа төрсөн юм. Энэ тухайгаа аав, ээждээ хэлэхэд дэмжсэн. Номоо хийхийн тулд хичээл зүтгэл ч гаргасан. Үүний ачаар “Бүжинд тохиолдсон явдлууд”-аа бүтээж, мөрөөдлөө зах зухаас нь биелүүллээ. Тиймээс найзууд аа, том болохоороо мөрөөдөлдөө хүрнэ гэж хойш тавилгүй одооноос чадах хэрээрээ хичээгээрэй” хэмээн Б.Индра үеийнхэндээ найрсгаар зөвлөв. Тэрбээр “Монгол HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлгийн хамгийн бяцхан оролцогч. Тус нэвтрүүлгийн энэ сарын 11-нд цацагдсан шинэ дугаарын хамгийн өхөөрдөм, бүтээлч оролцогч болсон Б.Индра “шарк”-уудаас хөрөнгө оруулалт авч чадсан юм.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн V ангид сурдаг тэрбээр “Бүжинд тохиолдсон явдлууд” ном бичиж, эхний удаад 70 ширхгийг хэвлүүлэн, 30-ийг нь найзууддаа бэлэглэж, үлдсэнийг нь борлуулжээ. Тэрбээр “шарк”-уудаас 5.7 сая төгрөг хүсэж, номоо борлуулаад долоон сая болгож өгнө гэсэн билээ. Хөдөлмөрч охины авьяас, зүтгэлийг тэд үнэлж, бүгд тус бүр таван сая төгрөг өгөхөө амласан. Энэ мөнгөөр Б.Индра “Бүжинд тохиолдсон явдлууд” номынхоо дараагийн цувралыг хэвлүүлэх ажилдаа оржээ. Түүний бүтээсэн бүжингийн адал явдлуудын шинэ цуврал энэ сарын 15-наас “Брик хаус” тоглоомын дэлгүүрт “амилах” нь. Бүжин шинийг сурч, шинэ жилийн баяр хүлээдэг болж. Бас сургуульд орж, дүүтэй ч болсон байна. 10 настай Б.Индра зохиолоо өөрөө бичиж, ээжээрээ зуруулаад, аав нь хэвлүүлдэг аж.