Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотод энэ сарын 10-12-нд болж буй, газрын тос, байгалийн хийн “Петротек 2019” олон улсын хуралд оролцож байна. Энэ үеэр сайд Д.Сумъяабазар тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид бараалхаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилжээ. Мөн Энэтхэг Улсын Газрын тос, байгалийн хийн сайд Дармендра Прадхан, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Вижей Такур, “Эксим” банкны ерөнхий менежер Надим нартай уулзан, Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил амжилттай хэрэгжиж буй талаар ярилцсан байна. Уг үйлдвэрийг барих төслийн менежментийн зөвлөхийг сонгох тендерийг хоёр улсын хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу БНЭУ-ын “Эксим” банкнаас урьдчилсан сонгон шалгаруулалт зохион байгуулж, “Engineers India limited” (EIL) компани шалгарсан аж. Улмаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, EIL хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн ням гарагт гарын үсэг зуржээ. 1965 онд байгуулагдсан, 2800 гаруй ажилтантай, Энэтхэгт газрын тос боловсруулах чиглэлээр тэргүүлдэг EIL компани манайд төлөөлөгчийн газраа нээхээр болсон гэнэ.
Эргэн сануулахад, өнгөрсөн арваннэгдүгээр сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурал Ашигт малтмал, газрын тосны газарт болж, газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой барих төслийн техник, эдийн засгийн нарийвчилсан үндэслэлийг хэлэлцэж, хүлээн авсан билээ. Уг ТЭЗҮ-ийг EIL компани боловсруулсан юм. ТЭЗҮ-ээр үйлдвэрт жилд 1.5 сая газрын тос боловсруулж, Евро-4, 5 стандартын шаардлага хангасан 500 мянган тонн автобензин, 800 мянган тонн дизель, 40 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэхээр тусгасан. Бүх ажлыг тооцоолсны дагуу гүйцэтгэж чадвал газрын тос боловсруулах үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй буй.
Энэхүү айлчлалын үеэр сайд Д.Сумъяабазар “Хиндустан петролиум”, “ОНГС”, “Палуужи энд Шапунжи” зэрэг компани болон Дханбад дахь Энэтхэгийн технологийн их сургуулийн Уул уурхайн сургуулийн удирдлагатай уулзаж, Монголын оюутнуудыг тус улсад газрын тосны гүн боловсруулалтын чиглэлээр сургаж, бэлтгэхэд хамтран ажиллахаар санал солилцжээ. “Петротек 2019” хуралд газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалтын сүлжээний чиглэлийн, олон улсын 6000 гаруй аж ахуйн нэгж оролцон үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж буй. Бас 27 орны сайд нар 20 орчим салбар хуралдаанд оролцож байгаа аж.