Засгийн газар “Чингис”, “Дим сам” бондын үндсэн төлбөр болон эргэн төлөлтийг санхүүжүүлэх зорилгоор 2017 онд “Гэрэгэ” бонд гаргасан билээ. Мөн Хөгжлийн банкны “Евро” бондыг дахин санхүүжүүлэхээр “Хуралдай” бонд гаргасан.
Тус бондуудын өртөг 1.4 их наяд төгрөг байв. Өнгөрсөн хоёр жилд манай улс бондуудын эргэн төлөлтөд 1.1 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан бол энэ жил болон ирэх онд өр төлөхгүй. Харин 2021-2024 онд нийт 3.15 тэрбум ам.долларыг бондын төлбөрт төлнө.
Ташрамд дурдахад, Засгийн газрын зээлийн хүүгийн нийт хэмжээг сүүлийн таван жилээр тооцвол 2016 онд хамгийн их буюу төсвийн орлогын 16.9 хувийг эзэлсэн бол 2018 онд 13.2 болж буурсан байна. Энэ жил болон ирэх онд эл дүн 12-13 хувьтай байх таамгийг эдийн засагч Г.Рагчаасүрэн гаргажээ.