Пёньяны санаачилгаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний хоёр дахь уулзалтыг Вьетнамын нийслэл Ханойд хийхээр болжээ. АНУ-ын Засгийн газар дахь эх сурвалжуудаас эш татан NHK телевиз ийн мэдээлжээ.
Вьетнамын төв хэсгийн амралт, сувиллын Дананг хотыг АНУ илүүтэйд үзсэн боловч ЭСЯ нь байдаг Ханой хотод дээд хэмжээний уулзалтаа зохион байгуулахыг БНАСАУ шаардсан аж. Эцэст нь талууд харилцан буулт хийж, Пёньяны саналыг хүлээн авчээ.
Мөн Ким Жөн Унтай хийх дээд хэмжээний хоёр дахь уулзалтаа Вьетнамын Ханой хотод хоёрдугаар сарын 27, 28-нд хийхээр болсноо Д.Трамп мэдэгдээд, “БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дар гатай хийх уулзалт болон дэлхийн үйл хэргийг урагшлуулахаар тэсэн ядан хүлээж байна” гэж Америкийн удирдагч тэмдэглэжээ. “Ким Жөн Унаар удирдуулсан БНАСАУ эдийн засгийн агуу зүтгүүр болно. Тэрбээр цөөн хүний гайхлыг төрүүлж магад. Түүнийг ямар чадвартай болохыг сайн ойлгодог надад гайхах зүйл үгүй” хэмээн Д.Трамп твиттер хуудсандаа бичсэн байна.
БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Биген тэргүүтэй Америкийн гадаад бодлогын байгууллагын 20 орчим төлөөлөгч Пёньянд энэ сарын 6-8-нд айлчилсан. Энэ үеэр тэрбээр АНУ-тай харилцах бодлого эрхэлсэн БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн тусгай төлөөлөгч Ким Хёк Чольтой уулзжээ.
АНУ-ын Төрийн департаментын мэдээллээс үзвэл АНУ болон БНАСАУ-ын тусгай төлөөлөгчид хоёр орны удирдагчдын уулзалт, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах талаар хүлээсэн үүрэг, АНУ болон БНАСАУ-ын харилцааг өөрчлөх болон Солонгосын хойгт бат бэх энх тайван тогтоох асуудлыг хэлэлцжээ.
Мөн тусгай төлөөлөгчид Трамп, Ким Жөн Ун нарыг хоёр дахиа уулзахын өмнө дахин уулзахаар тохиролцсон байна. Урьд нь “Nikkei” сонины мэдээлснээр Ким Жөн Ун дээд хэмжээний уулзалт болох Вьетнамд Хятадын нутаг дэвсгэрээр дамжин төмөр замаар ч, агаараар ч хүрэх боломжтой.
ХЭЛЭЛЦЭЭНИЙ ҮР ДҮНГИЙН ТАЛААРХ ТААМАГ
KBS телевизийн таамагласнаар БНАСАУ Йонбён дахь цөмийн объектуудаа буулгаж, олон улсын шинжээчдийг улсдаа урьж, тив хоорондын баллистик пуужингуудаа дээд хэмжээний хоёр дахь уулзалтын дараа устгаж магадгүй. Үүний хариуд Вашингтон Пёньянд холбоо барих төв нээж, хүмүүнлэгийн тусламжаа сэргээн, Солонгосын дайны дууссан тухай хэлэлцээр байгуулж мэдэх юм.
Харин “Asahi” сонинд бичсэнээр Вьетнамын уулзалтын үеэр Ким Жөн Ун пуужингийн болон цөмийн цогцолборуудынхаа зарим хэсгийг устгах талаар томоохон алхам хийх болбол Умард, Өмнөд Солонгос хоорондоо эдийн засгийн хамтын ажиллагаагаа сэргээхийг Д.Трамп зөвшөөрөхөд бэлэн буй аж.
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖЭЭ
Билгийн тооллын шинэ жилийн баярыг тохиолдуулан БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун хэд хэдэн орны удирдагч, тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд баярын илгээлт явуулжээ.
Тодруулбал, Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн уламжилснаар Беларусь, Индонез, Куба, Монгол, Пакистан, Сири зэрэг 20 гаруй орны төр, засгийн тэргүүн нарт болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Ким Жөн Ун баярын цахилгаан илгээсэн байна.
ЦЭРГИЙН СУРГУУЛИЛАЛТАА ЦУЦАЛЖ МАГАДГҮЙ
АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний хоёр дахь уулзалтын дараа цэргийн хамтарсан сургуулилалт хийхээр төлөвлөж буйгаа Сөүл болон Вашингтон мэдэгдэхээр тохиролцсоныг БНСУ-ын “Yonhap” агентлаг уламжилсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр команд, штабын “Key resolve” сургуулилалтыг ирэх сарын 4-нд хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Дээд хэмжээний уулзалтын өмнө БНАСАУ-ын эрх баригчдын дургүйг хүргэхгүйн тулд хамтарсан сургуулилалтыг хэдийд хийхээ мэдэгдэх өдрийг хойшлуулсан байна. Үүний сацуу дээд хэмжээний уулзалтын үеэрээ цэргийн хамтарсан сургуулилалтуудыг бүрмөсөн цуцлах, эсвэл хойшлуулах тохиролцоонд хүрч магадгүй гэнэ.
Команд, штабын “Key resolve”, “Foal eagle” хээрийн сургуулилалтыг энэ онд хийж магадгүй гэж БНСУ-ын хэвлэлүүд урьд нь мэдээлж байсан билээ. Эдгээр сургуулилалтыг ихэвчлэн хоёрдугаар сарын сүүлч болон дөрөвдүгээр сарын дундуур зохион байгуулдаг юм.