Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт Доминиканы боксчин Клаудио Маррерог ялж, IBO холбооны дэлхийн аварга болсон. Мэргэжлийн дэвжээнд ганц ч ялагдалгүй яваа “King Tug” хочтой түүнийг чансаа өндөртэй холбоо, ширүүн өрсөлдөгчид хүлээж байна.
Н.Төгсцогтыг дэлхийн аваргын төлөө тулалдах болсонтой зэрэг шахам дараагийнх нь өрсөлдсөгч нь тодорсон. “King Tug” энэ удаа IBO-гоос чансаа өндөртэй WBC холбооны аваргын төлөө АНУ-ын тамирчин Гери Рассельтай өрсөлдөнө. 30 настай америк эр мэргэжлийн дэвжээнд 30 удаа тоглосныхоо 17-г нь хүнд цохилтоор ялсан. Тамирчны замналдаа ганцхан удаа дийлдэж, дэлхийн аварга цолоо гурван ч удаа хамгаалаад буй “хатуу самар”.
2015 оноос хойш жингийнхээ хамгийн шилдэг нь байсаар ирсэн гэсэн үг. Түүнд ялагдал гэдгийг мэдрүүлсэн цорын ганц боксчин бол Украины алдарт тамирчин, олимп, дэлхийн хошой аварга В.Ломаченко. Тэд 2014 оны зургадугаар сард өрсөлдсөн. Г.Рассель эл тулааны дараа нутаг нэгт Кристофер Мартиныг, Мехсикийн Жони Гонзалес нарыг ялж, 2015 онд дэлхийн аварга болсон.
Түүнээс хойш Ирландын Патрик Хайландыг 2016 онд, Колумбын Оскар Эскандон (Н.Төгсцогтод ялагдсан)-ыг хоёр жилийн өмнө, АНУ-ын Жозеп Диазыг өнгөрсөн онд ялж, аваргын бүсээ хамгаалсан юм. Н.Төгсцогт хэдийгээр 164 см өндөртэй ч хүчтэй цохилттой, хурд, техникээрээ гайхагддаг. Ер нь багаасаа гялалзсан боксчин.
2005 онд сонирхогчдын боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилттай. Тоглолтын эхний үед хүчтэй, хурдан довтолгоогоор ухрах араагүй мэт дайрдаг онцлогтой. Түүнийг нь л торгоож, аргалж чадвал Н.Төгсцогтод ялах боломж бий. Одоогоор тэдний тулааны тов хараахан гараагүй ч дөрөвдүгээр сард тоглох магадлал тун өндөр байна.