Шинэ үндсэн хуулиа баталсны 27 жилийн ойд зориулсан барилдааны үеэр улсын аварга Н.Батсуурь аймгийн арслан Б.Лхагвадоржийг эвгүй унагаасан нь олныг талцуулаад буй. Зарим нь “Жудаггүй зан гаргаж, залуу бөхийг бэртээх дөхлөө” хэмээн шүүмжилж байгаа бол “Үндэсний бөх тулааны спортын нэгэн төрөл. Аварга өрсөлдөгчөө албаар тэгж шидээгүй. Бөхөд иймэрхүү зүйл байлгүй яах вэ. Бэртэж мэдэхээр эвгүй унасан нь Лхагвадоржийн буруу” хэмээн өмөөрөх нь ч бий. Бид хэн нэгнийг нь зөвтгөж, буруутгах гэсэнгүй. Залуу бөх Б.Лхагвадоржийг “Шинэ танил” буландаа онцоллоо.
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат тэрбээр энэ жил 21 настай. Үндэсний бөхөөс гадна жүдо, самбо, жиү жицүгээр хичээллэдэг. Дээрээ хоёр ахтай, эхээс гурвуул. Хоёр ах нь сумын заан цолтой ч түүн шиг тууштай барилдаагүй гэнэ.
Багаасаа бөхийн спортод хорхойссон Б.Лхагвадорж 2012 онд Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь болж, өдгөө амжилтын төлөө хамтдаа зүтгэж явна. Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн 2011 оны намар Өвөрхангай аймагт болсон юм. Ц.Шийрэв багш эл тэмцээнд шавь нараа дасгалжуулан оролцох үеэр Б.Лхагвадоржийн ах түүнтэй уулзан, дүүгээ шавь оруулжээ. Улмаар дараа жилийнх нь Цагаан сарын дараа Б.Лхагвадорж хотод ирснээр тэд багш, шавь болсон гэдэг. Тэрбээр багын биерхүү хүүхэд байж. 14 настайдаа 170 см өндөр, 80 кг жинтэй байсан гэнэ.
Б.Лхагвадорж үндэсний бөхөөр хэдхэн сар хичээллээд улсын наадмын өсвөрийн барилдаанд зодоглон, өөрөөсөө насаар ах бөхчүүдийг давсаар түрүүлжээ. Дараа жил нь Дундговь аймгийн Дэрэн сумын наадамд түрүүлж, 14 насандаа сумын заан цол хүртэв. Хажуугаар нь самбо, жүдогоор чамлахааргүй амжилт гаргасаар байлаа. Тэрбээр улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлсэн амжилтаа 2013, 2014 онд баталж, Монголын үндэсний бөхийн түүхэнд анхдагч болсон. Учир нь эл барилдаанд гурван жил дараалан түрүүлж, улсынхаа шилдэг болсон бөх Б.Лхагвадоржоос өөр үгүй.
Анхны гэх тодотгол бүхий түүний амжилт үүгээр дуусахгүй. Тэрбээр анхдагч болсон жилээ Өвөрхангай аймгийн наадамд түрүүлж, арслан болохдоо 17 настай байв. Тэгснээр хамгийн залуудаа эл цолыг хүртсэн бөх болсон билээ. Өдгөө ч түүний амжилт эвдэгдээгүй явна. Жүдо, самбо бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-ий олон түрүүтэй Б.Лхагвадорж жиү жицүгийн ДАШТ-ий хүрэл медальтай.