Багадаа
Г.Занданшатар 1970 оны 3 дугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд Гомбожавын гэрт мэндэлжээ. Түүнийг төрөх үед эцэг Д.Гомбожав нь тус сумын сум нэгдлийн даргаар томилогдон ажиллаж байв. Эх барьж авсан эмч Ёндонцоо нь ном харж байгаад Занданшатар гэдэг нэрийг өгсөн гэдэг.
Эцэг Д.Гомбожав нь Намын дээд сургуульд суралцах болж, тэднийх 1972 онд Улаанбаатар хотод нүүж ирэв. Эцэг Д.Гомбожав нь шатарт их хорхойтой. Тийм учраас Намын дээд сургуульд хамт суралцдаг сум нэгдлийн дарга буюу оюутан найзууд нь тэднийд ирж шатар тоглодог байлаа. Занданшатар тэднийг харсаар гурван настайдаа шатар нүүж сурчээ.
Эцэг нь Намын дээд сургуулиа төгсөөд 1976 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд томилогдон очсоны дараа жил буюу 1977 онд Г.Занданшатар сургуульд элсэн орлоо.
Тэднийх дахин 1982 онд нийслэлд шилжин ирэхэд Занданшатар 77 дугаар сургуульд элсэн орж улмаар Хэнтий аймаг руу шилжихэд тэнд очиж хагас жил сураад, эргэн нийслэлд ирж уг сургуульдаа суралцсаар 1987 онд төгсжээ.
Оюутан
Тэрбээр 1987 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс Ардын Аж ахуйн дээд сургууль (одоогийн Байгалийн Улсын Их сургууль)-д элсэн орж санхүү-зээлийн эдийн засагч мэргэжлээр суралцан төгссөн байна. Улмаар 1992-1998 онд Швед, АНУ, Герман, Франц, Энэтхэг улсуудад банк санхүү, бизнесийн удирдлагын дунд, урт хугацааны сургалтуудад суралцсан. 2002-2004 онд Нидерландын Маастрихтын их сургууль, Монголын бизнес хөгжлийн агентлагийн хамтарсан магистрын хөтөлбөрт суралцаж дүүргэжээ.
Залуу багш
1992 онд тухайн үеийн Зах зээлийн коллежи (одоо МУИС-ийн Бизнесийн сургууль)-д Багш-Эрдэм шинжилгээний ажилтнаар Г.Занданшатар ажлынхаа анхны гарааг эхлүүлжээ. Тэрээр Монголд валют, санхүү, банкны үйл ажиллагааны чиглэлээр хичээл заасан анхны багш нарын нэг гэнэ.
Зах зээлийн коллежид ажиллаж байхад нь Монголын их, дээд сургуулийн нийт багш нараас англи хэлний шалгалт авч, хамгийн өндөр оноо авсан 12 хүний зургааг Австрали улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болоход Г.Занданшатар багтсан боловч тодорхой шалтгааны улмаас явж чадаагүй юм.
1996 оноос тухайн үеийн Хөдөө аж ахуйн банкинд Гадаад тооцооны газрын эдийн засагч, гадаад тооцооны менежер, улмаар тус газрын захирлаар, залгуулан Зээл, мөнгөний бодлогын газрын захирлаар ажиллаж байгаад 1999 онд Монгол банкны Сургалтын төвийн захирлаар томилогджээ. Мөн онд түүнийг Хөдөө аж ахуйн банкин дахь Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилов. Тэрбээр энэ ажлыг авахдаа ухарч няцсангүй.
2000 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаги (USAID) -ийн тусламжтайгаар эрүүлжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр тус банкинд удирдлагын шинэ баг бүрдүүлэн ажиллахад Маркетинг, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын хувиар банкны нэр хүндийг зах зээлд сэргээх, бэхжүүлэх ажлыг гардан хийжээ. Тус банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, дахин хөрөнгөжүүлж, нэр, логог шинэчлэн өөрчилж одоогийн “ХААН” банкны нэр логог зохиож брэнджүүлэх ажлыг хариуцан ажилласан юм.
Үүний дараа 2003 онд тэрбээр Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдов.
Улс төрийн гараа
1998 оныг хүртэл тэрбээр ямар нэгэн улс төрийн намын харъяалалгүй байсан бөгөөд Санжаасүрэнгийн Зоригийг бусдын гарт амь үрэгдсэний маргааш буюу 1998 оны аравдугаар сарын гуравны өдөр МАХН буюу одоогийн Монгол Ардын Намд элссэн гэдэг. Ингээд зургаан жилийн хугацаанд намын клуб, залуучуудын байгууллагад ажиллаж байгаад 2004 онд УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн долдугаар тойргоос нэр дэвшиж ялалт байгуулжээ.
Түүнчлэн 2008 оны сонгуульд дахин нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр улиран сонгогдов. Тухайн үед гурван мандаттай байсан Баянхонгор аймгаас тус хоёр сонгуульд МАХН-аас ганцхан хүн ийнхүү дараалан ялсан нь Г.Занданшатар байсан юм.
Тэрбээр 2005-2010 онд МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч байсан бөгөөд 2010 онд тус холбоог өөрчлөн зохион байгуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр “Нийгмийн Ардчилал-Монголын залуучуудын холбоо” болгон нэр, логог өөрчилж, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлжээ.
2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн
УИХ-ын гишүүн
Парламентын гишүүнээр сонгогдсон хоёр бүрэн эрхийн хугацаандаа тэрбээр Таварын хууль, Бичил уурхайн тухай хууль, Авилгатай тэмцэх тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг 20 шахам хуулийн төслийг санаачилсан бөгөөд УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд ахлагчаар томилогдон ажилласан байна. Мөн УИХ-ын 40 гаруй ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажиллажээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймгийн VII тойрогт нэр дэвшиж ялалт байгуулан парламентын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогджээ.
Сонгуульт ажил
- МАСЗХ-ны ерөнхийлөгч. (2009-2012 он)
- Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлийн дарга. (2008-2013 он)
- Монголын шатрын холбооны ерөнхийлөгч. (2011-2013 он)
- “Нэг Монгол” төрийн бус байгууллагын зөвлөлдөх танхимын тэргүүн. (2015 он)
- МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. (2015 он)
- Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч. (2016 он)
Гадаад харилцааны сайд
2009 оны арваннэгдүгээр сард Гадаад харилцааны сайд С.Батболд Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд болж, Г.Занданшатар Гадаад харилцааны сайдаар томилогдов. Түүнийг энэ албыг хаших хугацаанд сүүлийн 17 жил хэвээр байсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал шинэчлэгдэж, 2011 оны хоёрдугаар сард батлагджээ. Улмаар 2011 онд Монгол Улс “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг”-ийг хоёр жил даргалах хүндтэй үүргийг хүлээн авсан билээ. Г.Занданшатар сайд байх хугацаандаа Монгол Улсын Засгийн газраас Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг батлуулсан юм.
Мөн Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг шинэчилж, сахилга хариуцлага, ёс зүй алдсан дипломат ажилтныг ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаар шинэчлэн тусгасан байна. Үүрэгт хугацаандаа тэрбээр АНУ, Герман, Япон, БНСУ, Итали зэрэг 20 гаруй улсад албан айлчлал хийсэн. Япон улстай 17 жил баримталсан иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулах зорилт дэвшүүлэн ажилласан нь таван жилийн дараа үр дүнгээ өгч, хоёр улс уг түншлэлийн гэрээг 2015 онд байгуулсан билээ.
Стэнфордын их сургуульд
2013 оны 12 дугаар сараас Г.Занданшатар нь АНУ-ын Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчиллын хүрээлэн”-д судлаачаар ажиллаж, Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалжээ.
Түүнчлэн Азийн сан, Стэнфордын их сургуулийн дэмжлэгтэй “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Монголын анхны зөвлөлдөх санал асуулга” төслийг хамтран удирдаж, Нийслэлийн зөвлөлдөх санал асуулгын зөвлөх хорооны даргаар ажиллаж байгаа билээ. 2013 оны 12 дугаар сараас Г.Занданшатар нь АНУ-ын Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчиллын хүрээлэн”-д судлаачаар ажиллаж, Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалжээ.
Сонирхолтой баримтууд
Г.Занданшатар оюутан байхдаа Орос, Монгол, улмаар Украин, Польш хүртэл явж наймаа хийдэг байсан бөгөөд гуравдугаар дамжааны оюутан байхдаа нэлээд хэмжээний барааг Монгол руу нэвтрүүлэхийг оролдоод хил дээр саатуулагдан бараагаа хураалгажээ. Хил гаалийнхан энэ тухай сургууль руу нь мэдэгдэхэд, албан бичгийг хүлээж авсан багш А.Архипова нь сургуулийн удирдлагад мэдэгдэлгүйгээр Занданшатарыг сургуулиас хөөлгөх бодолгүй байгаагаа хэлж, улмаар энэ хэргийг түүгээрээ хав дарж өнгөрөөсөн гэдэг. Наймаанаас болж сургуулиасаа хөөгдөх дээрээ тулж явсан монгол оюутан энэ явдлаас 15 жилийн дараа тус сургуулийн хүндэт профессор болжээ.
- Украин улсын төрийн дээд шагнал Цэцэн Ярославын одонг Монголоос хүртсэн хүн ердөө хоёр байдгийн нэг нь Г.Занданшатар, нөгөө нь Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж юм.
- Долоогийн тоо түүний амьдралд тодорхой учир холбогдолтой юм шиг харагдах тохиолдол нэлээд бий. 1970 онд төрсөн, 1977 онд долоон настайдаа сургуульд орсон, нийслэлд шилжиж ирэхдээ 77 дугаар сургуульд элссэн, мөн хожим энэ сургуулийг 1987 онд дүүргэсэн. УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн долдугаар тойргоос дэвшиж ялалт байгуулжээ.