Архип Куинжигийн “Ай-Петри. Крым” зургийг нэг сарын 27-нд ОХУ-ын Третьяковын галерейгаас хулгайлжээ. Тус улсын Дотоод хэргийн яамны албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр үл таних хоёр этгээд уг хэргийг үйлдсэн гэнэ. Гэхдээ хууль сахиулах байгууллагын ажилтнууд сэжигтэй этгээдүүдийг баривчлан саатуулсан төдийгүй зургийг ч олсон байна.
ОРГИЛ ЦАГТ, ХЭН Ч АНЗААРААГҮЙ
Третьяковын галерейн Инженерийн корпуст гарсан гэмт хэргийг музейн оргил цагаар буюу 18.00 цагийн үед үйлджээ. Энэ өдөр Архип Куинжигийн 177 насны ой тохиож, түүний уран бүтээл олны анхаарлыг ихэд татаж байв.
Ажиглалтын камерыг шалгахад нэг эр хананаас зургийг аваад, тайван гарч байгаа нь бичигдэн үлджээ. Хэн ч түүнийг зогсоохыг оролдоогүй аж. Харин хэрэг гарсан нь тодорхой болсны дараа л танхимыг үзэгчдэд хаалттай болгожээ. Гэхдээ үзэгчдийг үзэсгэлэнгээ бүрэн үзээд гарахыг зөвшөөрсөн байна. “16.30 цагийн үед зураг байрандаа байсан” гэж нэг үзэгч мэдүүлжээ. 21.00 цагт хаалгаа барьсны дараа л музейн хаалгыг цагдаагийнхан бүслэн хаасан байна. Галерейгаас гарах үед үйлчлүүлэгчдэд нэгжлэг хийсэн гэж нэг үзэгч өгүүлжээ.
Үнэндээ үслэг арьсан дээл алдсан гэсэн дуудлагаар цагдаагийнхан Третьяковын галерейд очихдоо зураг алга болсныг мэдсэн аж.
ШУУРХАЙ АЖИЛЛАГАА
Зураг алга болсон үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцдаа цагдаагийнхан хоёр сэжигтний эд зүйлсийг олж тогтоон, баривчлах төлөвлөгөө гаргажээ. Ажиглалтын камераас харвал гэмт этгээд галерейгаас зураг авч гараад, цагаан өнгийн “Mercedes” автомашинд суун явсан байна. Хэрэг гарсны маргааш өглөө Москва мужийн Заречье тосгоноос сэжигтнийг хууль сахиулагчид баривчилж, алдагдсан зургийг бүрэн бүтнээр нь хураан авчээ.
СЭЖИГТЭН
Энэ хэргийн сэжиглэн нь 31 настай Денис Чуприков. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мансууруулах бодис хадгалсан хэргээр саатуулагдаж, цагдаагийн хяналтад байсан аж. Баривчлах үед Денис “Ямар ч хэрэг хийгээгүй хүнийг яагаад баривчилж байгааг ойлгохгүй байна” гэжээ. Гэвч тэрбээр зураг нуусан газраа цагдаагийнханд хэлж өгчээ. Түүнд сэтгэл, мэдрэлийн шинжилгээ хийх болсон гэнэ.
Энэ удаа түүнийг цагдан хорьж магадгүй. Дүрс бичлэг, хурууны хээ, гутлын мөр зэрэг шаардлагатай нотлох баримтыг цагдаагийнхан бүрдүүлжээ. Тэрбээр 15 хүртэл хорих ял шийтгүүлэх магадлалтай. Нэмж хэлэхэд, зураг сэвтээгүй учир Третьяковын галерейд эргүүлэн тавих гэнэ.
“АЙ-ПЕТРИ. КРЫМ”
“Ай-Петри” нь зураачийн Крымд байх үеийн бүтээлүүдийн нэг юм. Уран бүтээлийн сүүл үед хамаардаг эл бүтээлээ Архип Куинжи 1898-1908 оны үед туурвижээ. Зураач нэг бус удаа Крымд очсон төдийгүй тэнд газар худалдан авсан байдаг. Тус хойгт уран бүтээлч хэдэн арван бүтээлээ зориулсан аж.
Далайн түвшнээс 1234 метр өндөр Ай-Петри уулыг зурагт дүрсэлжээ. Крымийн хойгийн хамгийн алдартай түүхэн дурсгалт газрын нэг болох эл уул тус хойгийн уулсын Гол нуруудын баруун хэсэгт багтдаг аж.
39х53 см хэмжээтэй зургийг цаас болон зотон дээр тосон будгаар урлажээ.
А.Куинжийг таалал төгссөнийх нь дараа 1914 онд түүний нэрэмжит зураачдын нийгэмлэгийн Москва дахь салбарынхан “Ай-Петри. Крым” бүтээлийг түүний мэндэлсэн Мариуполь хотын уран сайхны музейд бэлэглэх шийдвэр гаргасан гэнэ. Гэвч дэлхийн I дайн эхэлж, дараа нь иргэний дайн дэгдсэний улмаас уг шийдвэр хэрэгжсэнгүй. Архип Куинжигийн зургуудын олонх нь Санкт-Петербург хот, тэр дундаа Оросын музейд хадгалагддаг. Тэндээс бүтээлүүдийг нь үзэсгэлэнд тавихаар Москвад авчирсан байжээ.
ҮНЭТ БҮТЭЭЛ
“Ай-Петри. Крым”-ийг 200 мянга орчим ам.доллароор үнэлэгдэнэ гэж урлаг судлаач Дмитрий Буткевич үзэж байна. “Сүүлийн 25 жил дуудлага худалдаанд Куинжигийн ийм бүтээл бараг ороогүй учир ингэж үнэлэгдэх байх” гэж тэрбээр тодруулжээ. Харин хууль сахиулах байгууллага дахь эх сурвалжийн мэдэгдсэнээр уг бүтээл нэг сая орчим ам.долларын үнэд хүрэх гэнэ. Гэхдээ үүнд нь хулгайн хэргээс учирсан хохирол багтсаныг эх сурвалж хэлжээ.
ОХУ-ын Соёлын яамнаас мэдээлснээр зургийг 12 сая рублиэр даатгуулсан аж. Третьяковын галерейн үзмэрт тавих үеийн эрсдэлийг даатгалын брокер хэдийн барагдуулсныг тус яамны Музейн газрын захирал Владислав Кононов тэмдэглэсэн байна.
АРХИП КУИНЖИ ГЭЖ ХЭН БЭ
Архип Иванович Куинжи (1842-1910) ЗХУ-ын Мариуполь хошуу (өнөөгийн Украины Донецк муж)-ны Карасу гэдэг газар мэндэлжээ. Грек гаралтай орос зураач тэрбээр XIX зууны хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг юм. Байгалийн уран зураач тэрбээр үеийнхнээсээ ялгарч, дэлхий ертөнцийг бодитоор хүлээн авахад үндэслэсэн романтик болон гүн ухааны байгалийн зургийн онцгой хэлбэрийг бий болгожээ. Түүний уран бүтээлийн үргэлжлэлийг шавь, алдарт зураач Н.Рерих, А.Рылов, К.Богаевский, Ф.Рущиц, Н.Крымов нарын зургаас харж болох аж.
ТРЕТЬЯКОВТ ГАРСАН ҮЗЭСГЭЛЭН
Архип Куинжигийн бүтээлийн үзэсгэлэн Третьяковын галерейд өнгөрсөн оны аравдугаар сарын 6-нд нээгдсэн бөгөөд ирэх сарын 17 хүртэл гарна. Зураачийн 200 орчим бүтээл үзмэрийн санд багтжээ. Тухайлбал, “Днепр мөрний сартай шөнө” зургийн хоёр хувилбар, “Украины шөнө”, “Хусан шугуй”, “Талд нар жаргаж буй”, “Гефсиманы цэцэрлэг дэх христ” зэрэг бүтээлийг нь дэлгэн үзүүлж байна.
Түүний зургуудыг галерейн Инженерийн корпусын хоёрдугаар давхарт дэлгэсэн бөгөөд “Газрын татах хүч”, “Шөнийн нууц”, “Мөнхийн аглагт”, “Цаг үеэсээ урьтах нь” гэсэн дөрвөн хэсэгтэй аж.
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ЧАНГАТГАНА
Эл хэрэг ихээхэн дуулиан тарьж, Оросын музейнүүдийн аюулгүй байдлын асуудлыг ээлжит удаа хөндөхөд хүргэжээ. Тухайлбал, Третьяковын галерейн хамгаалалтыг чангатган, ажилтнуудынх нь тоог нэмж, бүх үзмэрийг дохиололтой болгохоор шийдсэн байна. Энд хориотой эд зүйл танхим руу авч орохоос сэргийлж, музейд нэвтрэхэд металл илрүүлэгч болон бусад багажаар үзэгчдийг шалгадаг ч доторх танхимуудын аюулгүй байдал төдийлөн анхаардаггүй байжээ.
Музейн хамгийн дуулиант хэргүүдийн нэг 2001 оны гуравдугаар сард Эрмитажад гарч, Францын зураач Жан Жеромын “Мусульман эхнэрүүдийн байран дахь усан сан” зураг алдагдсан. Энэ бүтээл хагас сая еврогоор үнэлэгддэг. Тайлбарлагчгүйг ашиглан гэмт этгээд зургийг зүсэж, жаазнаас нь авсан байдаг. Эл хэргийг мөрдөгчид хэд хэдэн хувилбар дэвшүүлэн шалгасан.
Хэрэгт музейн ажилтан холбогдсон, бас мэдрэл нь эрүүл бус хүн үйлдсэн байх магадлалтай байжээ. Гэвч таван жилийн дараа зургийг ОХУ-ын Коммунист намын байрны хүлээн авах өрөөнд сүйтгээд хаясан байсныг олсон гэдэг. Сэргээн засагчид маш их цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зориулсны эцэст гурван жилийн дараа буюу 2009 оны арванхоёрдугаар сард зургийг хуучин байранд нь тавьжээ. Харин гэмт этгээдийг одоо болтол олоогүй байна.