Увс аймгийн Тэс сумын нутаг дахь хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагч уржигдар анги, байрлалаа орхин алга болжээ. Хилийн 0311 дүгээр ангийн харьяа тусгай салбарт томилогдсон Завхан аймгийн Асгат сумын харьяат, 19 настай Ц.Вангансүрэн харуулын байрнаасаа хээр морь унан, 50 ширхэг сумтай АКМ буугаар зэвсэглэн оргосон гэх мэдээлэл орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 30-ны 11.20 (Улаанбаатарын цагаар 12.20) цагт тагнуул, цагдаагийн байгууллагад ирсэн гэнэ.
Харин орон нутгийнхан хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан цэрэг төөрсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Энэ талаар ХХЕГ-ын албаны эх сурвалж “Увс аймаг дахь хилийн цэргийн 0311 дүгээр ангийн хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Ц.Вангансүрэн 2019 оны нэгдүгээр сарын 30-нд морин уналгатайгаар, зэвсэг, сумтайгаа харуулын байраа орхин оргосон. Тэрбээр Завхан аймгаас 2018 оны хоёрдугаар ээлж буюу аравдугаар сард цэргийн албанд татагдаж тус ангид үүрэг гүйцэтгэж байсан юм. Уржигдар явуулсан эрлийн ажиллагааны явцад оргосон байлдагчийн ул мөр ОХУ-ын хил рүү орсон байсан. Тиймээс тус улсын талд албан ёсоор мэдэгдэж хамтарсан эрэл зохион байгуулж эхэлсэн. ХХЕГ, ЦЕГ болон Увс, Завхан аймаг дахь хилийн ангиуд хамтран эрлийг үргэлжлүүлж байна” гэв.