“Гүйх үү, тэгье” энэ үгийг PUBG тоглогчид андахгүй. Цахимаар холбогдож, ганцаараа, эсвэл хоёр, дөрвөөрөө баг бүрдүүлэн буудалцдаг энэ тоглоомыг дэлхий даяар 200 сая гаруй хүн тоглодог байна. Монголд өрх бүрт 1-2 PUBG тоглодог хүн байгааг СЭМҮТ-өөс анхааруулж, сүүлийн таван жилд интернэт тоглоомд донтсон хүүхдүүд тус төвд хэвтэн эмчлүүлэх нь нэмэгдсэн гэв. PUBG-гийн сүлжээнд нэгэн зэрэг 30 сая тоглогч байнга “дайтдаг” бөгөөд манайханд энэ нь нас, хүйс, ажил, мэргэжил ялгахгүй халдварлажээ.
Бүхнээ умартан, өдөр, шөнөгүй дэлгэц гөлрөхөд хүргэж буй уг тоглоом сэтгэцэд хэрхэн нөлөөлдгийг та мэдэх үү. PUBG эхэндээ адал явдалтай, сонирхолтой санагдана. Ялна, даалгавар биелүүлэн, цол ахиж, янз бүрийн “урамшуулал эдэлдэг” аж. Гэвч эцэстээ тоглогч өөрийгөө захирч чадахгүйд хүрдэг байна.
Тодорхой хэлбэл, тархинд шууд нөлөөлж, допамин хэмээх бодисыг хүчтэй ялгаруулснаар түр хугацаанд тааламжтай мэдрэмж төрүүлдэг гэж СЭМҮТ-ийнхөн хэллээ. Цахим тоглоомоор наадах бүрт уг бодис их хэмжээгээр ялгарснаар салж чадахааргүй болтлоо донтдог гэнэ. Олон улсад дэлгэцийн донг сэтгэцийн эмгэг хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрсөн байхад манайхан PUBG-д донтож буйгаа “и-спорт” гэж хаацайлах болжээ. Уг тоглоом дэлгэрээд удаагүй байхад Японд хоёр найз PUBG-д хэт автаж, нэгнээ хөнөөсөн эмгэнэлтэй хэрэг гарсныг сануулахад илүүдэхгүй. Шалтгаан нь итгэмээргүй, “Бууны дуран авчихаад өгөхгүй байсанд шаралхсан” гэж шүүхэд мэдүүлсэн байдаг.
PUBG нь “Player unknown’s battle grounds” нэрний товчлол бөгөөд уг тоглоомыг Өмнөд Солонгосын “Bluehole”-ын охин компани PUBG корпорацынхан Японы “Battle royale” киноноос сэдэвлэн бүтээжээ. 2017 оны арванхоёрдугаар сарын 20-нд компьютерт суулгаснаас хойш хоёр сарын дараа БНХАУ-ын “Tencent games” компани гар утасны хувилбарыг нь гаргаснаар манайд өргөн нэвтэрсэн аж.
Фэйсбүүк хуудсанд “PUBG mobile Mongolia” гэх хэд хэдэн групп бий бөгөөд тус бүрт нь 10-50 мянган гишүүн элссэн нь цар хүрээгээ хэрхэн тэлснийг гэрчлэх биз. Залуусын хэлж буйгаар PUBG-гийн нэг үеийг давахад 30-40 минут зарцуулдаг бөгөөд нэг мэдэхэд 3-4 цаг, цаашлаад утасныхаа цэнэгийг дуустал тоглох нь ч бий гэнэ. Компьютероос уг тоглоомд нэвтрэхийн тулд валютаар эрх худалдан авдаг. Хэт донтогсод өндөр үнэ төлж, машин, буу, хувцас сэлтийг худалдан авч, “баярхдаг” байна. Энэ мэтээр ажил алба, ахуй амьдралаа умартан, автаад байвал удахгүй “Шар хад”-ны эмнэлэгт хүргэгдэж мэдэх юм, тоглоомчид оо.