Монголын бизнесийн зөвлөлийн нэгдүгээр сарын уулзалт өчигдөр боллоо. Уг уулзалтад оролцсон “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал П.Ганхүү компани нь таван сая ширхэг хүртэлх давуу эрхийн хувьцаа гаргаж, иргэдэд эзэмшүүлэх бэлтгэл ажил хангаж байгаагаа дуулгав.
Тус компанийн давуу эрхийн нэг ширхэг хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх шийдвэрийг 2011 онд гаргаж байсан. Гэвч уг шийдвэрийг өдий хүртэл хэрэгжүүлээгүй юм. УИХ-аас гаргасан уг тогтоолыг өөрчлөн, хууль баталснаар иргэн бүр болон шинээр мэндлэх үрс “Эрдэнэс Монгол”-ын давуу эрхийн нэг ширхэг хувьцааг эзэмших эрхтэй болох нь.
Давуу эрхийн хувьцаа нь ногдол ашиг тогтмол авах эрхтэйгээрээ онцлогтой. Түүнчлэн тус компани эрдэс баялгийн бирж байгуулах, “Багануур”, “Шивээ-Овоо”-гийн нэмэлт хувьцаа, “Эрдэнэс” бонд гаргахаар ажиллаж байгааг гүйцэтгэх захирал нь танилцуулав.