Нийслэлчүүд орон нутаг руу шилжих нь ихэсжээ. Улаанбаатар руу ирэх “их нүүдэл” саарсан гэнэ. Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэлийн хэлтсийн дарга Б.Байгалмаагаас энэ талаар тодрууллаа.
-Хотын дарга өнгөрсөн онд захирамж гаргаж шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан. Захирамжийн хэрэгжилт хэр байна вэ?
-2017 оны арванхоёрдугаар сарын 27-нд хотын дарга захирамж гаргаж, нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Тухайн иргэн нийслэлд орон сууц худалдаж авсан, эрүүл мэндийн шалтгаантай, зургаагаас дээш сарын хугацаанд албан томилолттой бол оршин суухыг зөвшөөрнө.
Захирамж 2020 он дуустал хүчинтэй. Үүний дагуу орон нутгаас шилжин ирэх хүний тоо цөөрсөн. 2017 онд 9949, 2018 онд 6441 иргэн нийслэлд шилжин ирсэн. 2014 онд 36 825 иргэн шилжин ирж байлаа. Сүүлийн таван жилийн үзүүлэлтээр хотод суурьших иргэн цөөрсөн.
-Иргэд утаанаас зугтаж, хөдөө рүү шилжээд байгаа юм уу?
-Аймаг, сум руу бүрмөсөн шилжих иргэдийн тоо өсөх хандлагатай байгаа. 2017 онд орон нутаг руу 11 256 иргэн шилжсэн. Өнгөрсөн онд 7991 хүн орон нутаг руу шилжин, суурьшжээ. Албан ёсоор бүртгүүлээгүй ч ийнхүү явсан хүн олон.
-Хүмүүс гадаадад ажиллаж, амьдрахыг эрмэлзэх болсон. Үүнтэй холбоотойгоор бусад улсад цагаачлах хүсэлтэй иргэдийн тоо өссөн үү?
-Энгийн гадаад паспорт захиалах хүний тоо 2017 оны мөн үеийнхээс 17.8 хувиар өссөн. 2017 онд 45 391 иргэн гадаад паспорт захиалсан бол 2018 онд 255 127 болж, эрс нэмэгдсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хэрэгжүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар гадаад паспортыг том хүнд 10, хүүхдэд таван жилээр олгох болсон.
Захиалгын үнэ өөрчлөгдөөгүй, 32 500 төгрөг. Нийслэлд ажлын тав, орон нутагт 15 хоногт гадаад паспортыг гаргана. Өмнө нь иргэдийн бүрдүүлсэн материалыг үйлдвэр рүү тусгай машинаар зөөдөг байсан. Харин одоо иргэний мэдээлэл, зургийг цахимаар шилжүүлж, хэвлэдэг болсон.