УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг цагдан хорих тухай прокурорын хүсэлтийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр нэг эмэгтэйг найзынхаа хамт хүчирхийлэхийг завдсан хэрэгт холбогдсон бөгөөд шалгалтын явцад яллагдагчаар тооцон цагдан хориулах шаардлагатай болсон аж.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.4 дэх хэсэгт заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” үндэслэлээр НПГ-аас шүүхэд санал хүргүүлсэн гэнэ. Д.Гантулгыг цагдан хорих шаардлагагүй гэж дээрх шүүхийн шүүгч шийдвэрлэн, хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр болжээ.
Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа иргэн Ч.Н-г хүчирхийлсэн хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Улмаар хэргийг нь анхан шатны шүүх хэлэлцээд нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай хэмээн НПГ-т буцаасан билээ.