ОХУ-ын эрдэмтэд ийнхүү мэдээлэв. Дэлхийн дулаарлын улмаас ойрын 20 жилийн хугацаанд Арктикийн шувуудаас цөөнгүй төрөл зүйл нь устах магадлалтай аж. “Science” сэтгүүлд нийтэлснээр, сүүлийн жилүүдэд тус бүс нутагт агаарын температур 6-7 градусаар нэмэгдсэн байна. Үүний улмаас мөсөн уул, цэвдэг хайлж, хүрээлэн буй орчин нь хурдацтайгаар өөрчлөгдөж байгаа нь амьтан, жигүүртний үржил, нүүдэл, амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж эхэлжээ. Орос, Канадын эрдэмтдийн багийнхны судалгааны тайлангаас харахад, Арктикт хаврын улирал эрт буюу 2-3 долоо хоногийн өмнө эхэлдэг болсон нь тэндхийн жигүүртнүүдийг мөхөлд хүргэх нэг нөхцөл болсон аж.