Солонгосын 1950-1953 оны дайны жилүүдэд амь үрэгдсэн БНАСАУ, БНСУ, АНУ, түүний холбоотнуудын цэргийн шарилыг хайх төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хоригоос гаргасан тухай KBS телевиз мэдээллээ. “Үүний ачаар шарил илрүүлэх зорилгоор малталт хийх газар нутаг дахь минаг илрүүлэх, устгах тусгай төхөөрөмж болон хэрэгслийг БНАСАУ руу илгээх боломж нээгдлээ” хэмээн уг мэдээлэлд дурджээ.
Тэрчлэн өнгөрөгч сарын 17-нд болсон ажлын хэсгийн хуралдааны үеэр хориг арга хэмжээнээс дээрх төслийг чөлөөлөх тохиролцоонд Сөүл, Вашингтон хүрсэн гэнэ.
Түгшүүртэй байдлыг намжаах, тохиолдлын мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн, Солонгос хооронд өнгөрсөн онд байгуулсан цэргийн хэлэлцээрийн дагуу малтлагыг ирэх 4-11 дүгээр сард хийнэ.
Үүний сацуу БНАСАУ-ын эрх баригчид цэргийн сургуулилалтаас татгалзахыг БНСУ-д уриалаад, энэ нь Солонгосын хойгт тогтсон энх тайван, яриа хэлэлцээний уур амьсгалд сөргөөр нөлөөлөхийг тэмдэглэжээ. “Rodon sinmun” сонины нийтлэлд ийн дурдсан байна.
Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард Өмнөд Солонгост терроризмтой тэмцэх сургуулилалт хийсэн, тэрчлэн тус улс цэргийн төсвөө нэмэх, АНУ-аас шинэ үеийн сөнөөгч нисэх онгоц авахаар төлөвлөж байгаа нь онцгой түгшүүр төрүүлж буйг онцлов. Энд БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун шинэ жилийн мэндчилгээндээ Өмнөд Солонгосын удирдлагад хандан гаргасан уриалгаас эш татжээ. Тухайлбал, БНСУ Зэвсэгт хүчний хүчин чадлаа бэхжүүлэн, цэргийн сургуулилалт хийж байгаа нь Солонгосын хойгт мөргөлдөөн болох магадлалыг нэмэгдүүлж буйг мэдэгдсэн билээ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 27- нд хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун нар хоёр орон хоорондын дайсагналыг эцэс болгохоор тусгасан хамтарсан тунхагт гарын үсэг зурсан.
Мүн Жэ Ин өнгөрсөн оны есдүгээр сарын 18-20-нд Пёньянд айлчлах үеэр Солонгосын хойгийг хоёр хэсэгт хуваадаг цэрэггүй бүсэд алба хаагчид хооронд мөргөлдөөн гарахаас зайлсхийж, түгшүүртэй байдлыг намжаахад чиглэсэн санамж бичиг байгуулсан юм.
Нөгөөтээгүүр, БНАСАУ-тай найрамдахыг эрмэлзэж буйн илэрхийлэл болгож, ирэх дөрөвдүгээр сарын 27-нд БНСУ-ын иргэд цэрэггүй бүс дагуу 500 км цуваа үүсгэх гэнэ. Үүнд 500 мянган хүн оролцуулах ба оролцогч тус бүр 10 мянган вон буюу 10 орчим ам.доллар төлнө гэж “Цэрэггүй бүс дэх амьд гинжний төлөө хөдөлгөөн”-ийхөн мэдээлснийг “Yonhap” агентлаг уламжлав.
Тус улсын баруун хэсэгт орших Инчон хотоос зүүн эргийн Косон хошуу хүртэл амьд гинж үүсгэхээр цагдаагийнхан болон аюулаас хамгаалах албаныхантай тохиролцож буй юм байна. Уг ажиллагааг Японы эсрэг бослогын 100 жилийн ойд зориулах аж.