Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр өөрийгөө зарласан Хуан Гуаидо эрх баригч дэглэмийнхээ гол дайсан нь, сөрөг хүчний алдартай зүтгэлтэн ч болох ёсгүй нэгэн байв. Нийгмийн уур амьсгал түүнийг ийм хүн болгосон юм.
ЦЭРГИЙН УДАМ
Цэргийн эргэлт хийсэн хэргээр шоронд орсон Уго Чавесын тухай яриа олонд түгсэн 1992 онд Хуан Гуаидо найман настай байв. Эцэг, эх нь өөрсдийгөө нийгмийн дунд давхаргад тун бахархалтайгаар хамааруулдаг байж. Аав нь иргэний агаарын тээврийн нисгэгч, ээж нь багш. Өмнөд Америкийн аль ч улсад цэргийнхэнд их хүндэтгэлтэй ханддаг. Цэргийн алба хаагч байсан хоёр өвөөгөөрөө Хуан ч эргэлзээгүй бахархана. Нэг нь Үндэсний гвардид, нөгөө нь флотод алба хаажээ.
Хуаны гэр бүл, хүүхэд насных нь тухай тодорхой зүйл тун бага. Энэ сарын дунд үеийг хүртэл хэвлэлийнхэн түүнтэй манатай байв. Тодорхой болсон нь гэвэл Хуаны эцэг хоёр удаагэрлэсэн, 2000 оны эхээр Венесуэлээс гарсан анхны цагаачдын хамт Испанийг зорьжээ.
Тэр үед Хуан дунд сургуулиа төгсөж, Католик шашны их сургууль элссэн байна. Сурахын хажуугаар хувьсгалын үйл хэрэгт оролцдог болов. Тэр үед төрийн эрхэнд гарсан Уго Чавестай Хуан хувийн тооцоотой байсан аж. Түүний төрж, өссөн Варгас мужид 1999 онд байгалийн томоохон гамшиг нүүрлэжээ.
Үргэлжлэн орсон борооны улмаас үер бууж, хөрс нурсан нь Хуаны төрөлх хот Ла-Гуайрагийн дэд бүтэц бараг бүрэн сүйдэхэд хүрэв. Хамгийн аймшигтай нь 30 мянга гаруй хүн амиа алдаж, олон зуун мянган өрх орох оронгүй болжээ. Орон гэргүй болсон тэр олон айлын дунд тэднийх байлаа.
Хэмжээлшгүй их гамшиг нүүрлэсэн байхад Уго Чавес АНУ-аас тусламж авахаас эрс татгалзжээ. Хуаны найз нөхөд, танилуудын ярьснаар тус улсын түүхэн дэх хамгийн аймшигтай, уршиг ихтэй гамшиг Варгаст нүүрлэсэн байхад эрх баригчдынх нь үйлдэл түүнийг улс төрийн тэмцэл рүү хөтөлсөн гэдэг. Тэгэхэд тэрбээр 16 настай байжээ.
АРДЫН ЗАЛУУ УДИРДАГЧ
Их сургуулийн нөхдийн хамт Хуан оюутны бүлгүүдийг нэгтгэсэн байгууллагаас зохион байгуулсан гудамжны жагсаал, цуглаанд оролцдог байв. Энэ үеэр тэрбээр Венесуэлийн сөрөг хүчний гол хүн Леопольдо Лопестой танилцжээ. Леопольдо сөрөг хүчний олон бүлгийг нэгтгэж, “Ардын хүсэл зориг” нам байгуулахад түүний дэргэд Хуан байсан аж.
Тэрбээр тус байгууллагын залуучуудын жигүүрийг тэргүүлжээ. Уго Чавес улсдаа социализм байгуулахыг оролдсон нь эсэргүүцэгчид олшроход хүргэж, тэдэнтэй яриа хэлэлцээ хийх цорын ганц хэлбэрээр хэлмэгдүүлэлтийг сонгосон байна. Гудамжны жагсаалыг цагдаа, цэргийнхэн тараах гэж бороохой, резинэн сум хэрэглэсний ул мөр биед нь өдгөө ч бий хэмээн Хуан Гуаидо ярьжээ.
Эрх баригчдынх нь санаачилсан Үндсэн хуулийн шинэчлэлийн талаарх нийт үндэстний санал хураалтад Уго Чавес ялагдсан 2007 онд Хуан анх удаа ялалтын амтыг мэдэрсэн гэнэ. Гэвч сөрөг хүчнийхний ялалт удаан үргэлжлээгүй юм. Хэлмэгдүүлэлт газар авсан нь эрх баригчдын хариу байв. Хуан амар тайван амьдралыг сонгох боломжтой байжээ. Их сургуулиа төгсөхөд нь Мексикт төвтэй, хувийн салбарт ажиллах санал ирснээс тэрбээр татгалзсан гэнэ. Найз Карлос Мичинелийнх нь ярьснаар Хуан эх орондоо өөрчлөлтийн эхийг тавихын тулд Венесуэлд үлдэв.
МАСТЕР ИНЖЕНЕР
Нас залуу, хүмүүсийн анхаарал татаагүй нь Хуаныг олон зүдгүүрээс зайлуулжээ. Тухайлбал, Леопольдо нар шиг түүнийг гэрийн хорионд оруулаагүй. Сөрөг хүчний удирдагчдын нэг Фредди Геварегийн адил Леопольдо Чилийн Элчин сайдын яамнаас орогнох эрх хүсэхэд хүрээгүй.
Оюутан ахуй цагаас нөхөрлөсөн Фредди нь Хуаныг “Даруу, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, жинхэнэ тэмцэгч, мөнхийн өөдрөг үзэлтэн”, бас “хэнтэй ч ойлголцож чаддаг, улстөрчтэй адилгүй” хэмээн тодорхойлдог. Энэ даруу зан, олны анхаарал татдаггүй, бусдад гэм хоргүй явсан нь тус болжээ. 2015 онд тэрбээр Уго Чавесын талынхны авлигад идэгдсэн төрөлх мужаасаа парламентад сонгогдсон байна. Түүний өнөөгийн байдал найз нөхдийнх нь ч, дайснуудынх нь ч хувьд гэнэтийн явдал болжээ. Түүгээр зогсохгүй, түүнийг сайн мэдэх хүмүүс өнөөгийн байдлыг нь гэнэтийн зүйл биш хэмээн ярьж буй.
2019 он тус улсын хувьд ер бусын чухал жил болох ёстой. Энэ нь урьдаас тодорхой байжээ. Хэдийгээр иргэд нь хүлээн зөвшөөрөөгүй ч өнгөрсөн оны сонгуульд ялсан хэмээн зарласан Ерөнхийлөгч Николас Мадуро энэ сард тангаргаа өргөхөөр төлөвлөсөн. Үүний өмнө парламентынхаа анхны хуралдааныг хийх ёстой байсан.
Гэвч түүний бүрэн эрхийг цуцалсан парламентдаа хяналтдаа тогтоох боломжгүй Н.Мадуро тойрон хүрээлэгчдээс нь бүрдсэн Үндсэн хуулийн хурал гээчийг санаачилжээ. Нөгөөтээгүүр, тус орны улс төрийн хямрал даамжирсан нь урьдчилан төлөвлөсөн ажил байв. Америкийн улсуудын байгууллага, дэлхийн бусад хэд хэдэн орон, тухайлбал, АНУ Н.Мадурог хууль ёсны Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байх ойлголтыг урьдаас өгч, Төрийн тэргүүний төлөө өрсөлдөгч өөр нэгнийг гарч ирмэгц нь нэн даруй хүлээн зөвшөөрөхөөр хүлээж байна.
Үндсэн хуульд нь зааснаар тус улс ямар нэг шалтгаанаар Ерөнхийлөгчгүй болбол түүний үүргийг гүйцэтгэх ёстой парламентын даргын албан тушаалд нэгдүгээр сарын 5-нд Хуан Гуаидо сонгогдсон билээ. Мөн өдөр шинэ дарга мэдэгдэл хийхдээ хууль шаардвал Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг шилжүүлэн авахад бэлэн гэжээ. Ийнхүү уг эрхийг авснаа зарламагц АНУ, Өмнөд Америкийн томоохон орнууд, тухайлбал, Бразил, Аргентин Хуаныг Н.Мадурогийн хууль ёсны залгамжлагч хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ. Европын орнууд ч ар араасаа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ. Уг нь тэдгээр улс АНУ-ын Ерөнхийлөгч шиг яаран мэдэгдэл хийдэггүй билээ.
Эцэст нь, улсынхаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн авч буйгаа Хуан Гуаидо зарласан тэр өдөр түүнийг шууд хүлээн зөвшөөрсөн улсуудын нэг болох Панамд католик сүмийн тэргүүн болсон Өмнөд Америк гаралтай анхны хүн болох пап Франциск айлчлахаар очсон нь сонин давхцал болжээ. Хуаны найзуудын ярьснаар улс төрийн амжилт нь түүний зан чанар, боловсролтой олон талаар холбоотой гэнэ. “Тэрбээр аливаад няхуур, тайван ханддаг. Инженерийн цусанд л байх шинж чанар. Хэлэх, эсвэл хийхээсээ өмнө Хуан байж болох бүх боломжийг хэзээд судалдаг” гэж түүний их сургуулийнх нь багш Жуан ди Говея ярьжээ.
Хуаны эцэг Вилмер Гуаидо Испанийн Тенериф аралд таксины жолоочоор ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хүүтэйгээ холбоотой байсан бөгөөд одоо түүгээр маш их бахархаж буйгаа илэрхийлсэн байна. Мөн зөв зам мөрийг нь бурхан ивээхийг ерөөж, бүх үйл хэргийг нь дэмждэгээ мэдэгдээд, Венесуэлийн сайн сайхны төлөө чармайн ажиллахыг уриалсан аж.
Вилмер хэвлэлээр дамжуулан Венесуэлийн армийг улс орныхоо эрх ашгийн төлөө ажиллахыг уриалжээ. Өдгөө гэрийн хорионд байгаа Леопольдо Лопес шиг улсынхаа сөрөг бүх хүчнийг нэгтгэн, дагуулах хүч, авьяас Хуан Гуаидод бий, эсэх нь ойрын өдрүүдэд тодорхой болно.
Л.Лопес 2014 оны эсэргүүцлийн ажиллагаанд оролцсоныхоо төлөө 13 жил хоригдох ял шийтгүүлснийг эрүүл мэндийн шалтгаанаар гэрийн хорио болгон эрх баригчид нь өөрчилсөн юм. “Хуан Гуаидо жинхэнэ дайчин бөгөөд биднийг нэгтгэж чадна” гэдэгт итгэлтэй байгаагаа Л.Лопесын эхнэр Лилиан Тинтори мэдэгджээ. “Гэхдээ түүний хувьд эрсдэл их бий. Тэд Хуаныг Леопольдо шиг шоронд суулгаж мэднэ” хэмээн тэрбээр хэлсэн байна.