УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээлэв. Тэрбээр “Монголын улс төрд болж буй үйл явдлуудыг хараад, иргэд, сонгогчдын саналд үндэслэн энэ хуулийн төслийг санаачлах зайлшгүй шаардлага байна гэж харсан. УИХ-ын тухай хуульд гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох заалт бий. Үүнд иргэд, сонгогчид сонгосон гишүүндээ хариуцлага тооцох зохицуулалт байхгүй. Канадад санал өгсөн сонгогчдын 25, Хятадад 30, Их Британи, Австралид 10, Беларусь, Венесуэлд 20 хувиас доошгүй нь санал гаргасан тохиолдолд парламентын гишүүнийг эргүүлэн татах хууль байдаг юм билээ. Парламентын засаглалтай улсуудад байдаг энэ жишгийг харьцуулан судалсны үндсэн дээр сонгогчдын сонгох, эргүүлэн татах эрхийг нэг түвшинд аваачъя гэсэн зорилгоор энэ төслийг санаачиллаа. Энд УИХ-ын тухай хуульд тусгасан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах үндэслэлүүдийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулаад, дээр нь “Гишүүний сонгогдсон тойргийн сүүлийн сонгуульд оролцсон сонгогчдын гуравны нэгээс доошгүй нь эргүүлэн татах санал гаргасан тохиолдолд эргүүлэн татна” гэсэн заалт нэмж байгаа” гэв.
Сонгогчдын гуравны нэгээс доошгүй нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах санал гаргаж, гарын үсгээр баталгаажуулбал үүнийг УИХ-аар хэлэлцэж, санал хураахгүй бөгөөд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанд уншиж танилцуулснаар гишүүнийг эргүүлэн татах тогтоол батлагдсанд тооцно гэсэн өөрчлөлтийг төсөлд тусгасан аж. Мөн гишүүнийг эргүүлэн татахаар гарын үсэг зурсан хүмүүс тухайн тойрогт сүүлийн сонгуульд санал өгсөн, эсэхийг СЕХ 60 хоногийн дотор нягталж, баталгаажуулах үүргийг Сонгуулийн тухай хуульд тусгах гэнэ.
“УИХ-ын гишүүдийг төрт ёсны уламжлал, ёс зүйгээ дагаж, мөрдөхгүй, худал амлалт өгч УИХ-д сонгогддог гэх гомдлыг маш олон иргэн, сонгогч хэлж байна. Ёс зүй болоод бусад хэм, хэмжээг зөрчсөн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин дутмаг байсан. Эрх баригчдын зөрчил туйлдаа хүрч, төрийн хямрал дагуулав. Маш хариуцлагагүй байна. 2016 онд УИХ-ын 76 гишүүний 65 нь МАН-аас сонгогдсон. Тэдний нэг нь хүчингийн хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Үлдсэн 64 гишүүний гуравны нэг орчим нь авлигын гэмт хэрэг буюу ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй зээлийг албан тушаалаа урвуулан ашиглаж авсан асуудалд холбогдоод байгаа. Албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ улсын ерөнхий прокуророос УИХ-д оруулсан боловч уг саналыг хүлээн авахаас татгалзаад буй. Энэ нь УИХ-ын гишүүн бусдадаа шударга ёсны болон хууль зүйн хариуцлага хүлээлгэх чадамжгүй болсны тод жишээ. Тангаргаасаа няцсан, итгэл алдсан, хувиа хичээсэн, нийтийн эрх ашгийг умартсан УИХ-ын гишүүнд ард түмэн өөрсдөө хариуцлага хүлээлгэх буюу сонгогчид хариуцлага тооцдог болох ёстой. Сонгогчид сонгохоос гадна эргүүлэн татах эрхтэй байх ёстой. Шударга ёсноос зугтаагаагүй л юм бол УИХ энэ төслийг батална гэдэгт итгэж байна” гэж хуулийг төслийг санаачлагч ярьсан.
Мэдээллийн төгсгөлд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Нэг тойрогт олон нэр дэвшигч өрсөлддөг, нэг нэр дэвшигч санал өгсөн гишүүдийн гуравны нэг орчмын саналаар сонгогддог. Тэгэхээр цаана нь тэр хүний төлөө саналаа өгөөгүй, дэмжээгүй гуравны хоёрыг бүрдүүлж буй хэсэг байгаа. Тэдний тал нь гарын үсэг зурахад л гишүүнийг эргүүлэн татах нөхцөл бүрдэнэ гэвэл хэн дуртай нь хэнийг ч эргүүлэн татна гэж бужигнуулаад байх юм биш үү?
-Гишүүнийг эргүүлэн татах нь парламентын гишүүний хараат бусаар ажиллах, хууль тогтоох байгууллагын бие даасан, тогтвортой үйл ажиллагаанд нөлөө үзүүлдэг гэж зарим парламентч ярьдаг. Гэвч эргүүлэн татдаг жишиг олон оронд бий. Төрийн тогтвортой байдал, парламентын дархлаа гэдгийг улстөрчид бамбай болгож, өмнөө барьдаг ч үүнийг дандаа буруугаар ашиглаж яваа. Тиймээс хариуцлагаас зугтааж буй эрх мэдэлтнүүдийг сонгогчдын мэдэлд өгөх ёстой. Мэдээж гарын үсэг зурахдаа тодорхой үндэслэлтэй байж таарна.
-Л.Болд гишүүнээс болж энэ төслийг санаачилсан гэж ойлгож болох уу?
-Л.Болд Монголын парламент юм уу. Тэр зүгээр л нэг гишүүн шүү дээ. Би УИХ-ын нийт гишүүнд хамаатай хуулийн төсөл санаачилсан, түүнээс хэн нэгэнд зориулаагүй. Энд Л.Болд ямар ч хамаагүй.