Гахайн мялзан өвчин хүрээгээ тэлсээр байна. Уржигдар гэхэд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын хоёрдугаар багт уг өвчний шинэ голомт илэрчээ. Тиймээс тус сумд 30 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож, хүн, мал, тэжээвэр амьтан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглон, зөвшөөрөгдсөн хяналтын цэгээр дайран өнгөрөхийг иргэдэд анхааруулаад байна.
Мөн тус аймгийн Сант сумд мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд өвчний голомтоос сорьц аван Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхээр явуулжээ. Өвчний онош батлагдвал хорио цээрийн дэглэм тогтоох аж. Үүнээс гадна мялзан туссанаас устгасан гахайн толгойнуудыг хиамны цехэд худалдсан тохиолдол Орхон аймагт гарсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад буй.
Иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Алтангэрэлээс тодруулахад “Энэ бол ор үндэслэлгүй худал мэдээлэл. Худал мэдээлэл тараасан этгээдийг шалгуулахаар хууль хяналтын байгуулагад хандсан” гэлээ.