АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн газрынхаа үйл ажиллагааг гурван долоо хоногийн хугацаагаар бүрэн сэргээхийг зөвшөөрчээ. Тийнхүү Конгресс нь төсөв батлахаас татгалзсаны улмаас тус улсын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн, Засгийн газрынх нь үйл ажиллагааны түр зогсолт завсарлав.
Энэ нь сөргөлдөөний шалтгаан болсон, Мексиктэй залгаа хил дээр босгох хананд ямар нэг байдлаар хөрөнгө зарцуулахтай холбоогүй гаргасан шийдвэр гэнэ.
“Washington times” сонинд бичсэнээр Засгийн газрын ажлын санхүүжилтийг бүрэн сэргээх боломж олгосон хуулийн төслийн өнгөрөгч баасан гарагт Ерөнхийлөгчдөө өргөн барьсан аж. Уг нь Д.Трамп сонгуулийн өмнөх гол амлалтынх нь нэгийг биелүүлэхэд шаардлагатай 5.7 тэрбум долларыг гаргаж өгөхгүй бол төсвийн ямар ч төслийг хүлээн авахгүй хэмээн мэдэгдэж байсан юм. Засгийн газрынх нь үйл ажиллагаа зогссоноос хойших 35 дахь өдөр Америкийн Ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ ирэх сарын 15 хүртэл яамдынхаа ажлыг санхүүжүүлэх боломж олгосон тохиролцоонд хүрч чадсанаа тодруулжээ. “Ер бусын эх орончид” хэмээн түүний нэрлэсэн яамдын ажилтнуудад өнгөрсөн ажилгүй байсан хугацаан дахь цалинг нь бүрэн өгнө хэмээн Д.Трамп амласан байна.
Улсдаа онц байдал зарлахаасаа татгалзсанаа тэрбээр тэмдэглэжээ. Онц байдал зарлах замаар цэргийн төсвөөс хил дээр хана барихад зарцуулна хэмээн найдсан нь Үндсэн хуулийн хямрал үүсгэж, шүүхэд зарга үүсгэх шалтгаан болж магадгүй байсан аж. Гэсэн ч “Ган хаалт босгохоос өөр сонголт бидэнд байхгүй” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч нэмж хэлжээ. “Хэрэв Конгресстой зөвшилцөлд хүрч чадахгүй бол Засгийн газар ирэх сарын 15-наас дахиад ажиллахаа болино, эсвэл би бүрэн эрхээ ашиглаж, онц байдал зарлана” гэж Д.Трамп анхааруулсан байна.