-Тэрбээр гэрээсээ яваад 50 жил сураггүй байж. Харин одоо түүний “явсны” төлбөрийг хүүхдүүд нь хийнэ-
Өрхийн үнэнч толгойлогч, амжилттай бизнес эрхэлж явсан Дуглас Гренстед хагас зууны өмнө ул мөргүй алга болжээ. Энэ хугацааны турш гэрийнхэн нь түүний хойноос эмгэнэн гашуудаж.
Гэтэл тэрбээр эсэн мэнд байсан төдийгүй нууц амрагтайгаа зугтаасан нь саяхан тодорхой болсон аж. Харин одоо түүнийг үнэнчээр хүлээсэн эхнэр, охид нь Дугласын нүглийн төлөөсөнд ихийг төлөх хэрэгтэй болжээ. Америк даяар хуульчдыг мухардалд оруулсан ийм явдал урьд өмнө гарч байгаагүй аж.
СУРАГГҮЙ АЛГА БОЛОГЧ
Ашиг орлоготой буяны агентлагийн эзэн Дуглас Гренстед охин Бет, Линн хоёроо тэврээд, эхнэр Барбарагаа үнсэж, хоёр долоо хоног ойд ан хийхээр явжээ. Түүнийг туршлагатай анчин, иймэрхүү аялалд байсхийгээд гардаг хэмээн бодоод явуулсан аж.
Гэтэл хоёр, гурван долоо хоног өнгөрч, гэрийн эзэн эргэж ирсэнгүй. Аргаа барсан Барбара нөхрөө сураглан бүх хөршөө эргэж, тойрчээ. Эцэст нь, цагдаад хандаж. Дугласыг хэдэн долоо хоног хаа сайгүй эрэв. Хөршүүд, нохойтой цагдаа, аврагчид, Холбооны мөрдөх товчооныхон, Үндэсний гвардынхан нийлж, ойг самнасан гэнэ.
Хэдэн хоригдол ч эрэлд оролцсон байна. Дугласын гэрэл зургийг хаа сайгүй нааж, сонин, сэтгүүлд нийтлэн, зурагтаар ч зарлажээ. Нисдэг тэрэгтэй явсан аврагчид Дугласын хуаранг олоход майхан, буга агнах зөвшөөрлүүд, уутан хөнжил, автомашин нь байв. Харин тэрбээр өөрөө байсангүй аж.
Амьд, эсвэл үхсэний ул мөрийг төрийн цагдаа нар олоогүй тул Барбара хувийн мөрдөгч хөлсөлжээ. Энэ олон жил хаалганы хонх дуугарах бүрт сэртэс хийж, Дугласыг ороод ирэх болов уу хэмээн эхнэр, охид нь хардаг байж. “Салах ёс гүйцэтгэхээр орж ирээд, гарсныг санаж байна.
Хоёр долоо хоноод ирэх ёстой байсан ч хэн нэгэн гэрийн хажуугаар өнгөрөхөд л Линн бид хоёр тэсэлгүй цонх руу гүйн очиж, хардаг байсан” гэж хагас зууны дараа Бет сэтгүүлчдэд ярьжээ. Эцэг нь алга болох үед тэрбээр 13, дүү Линн нь 11 настай байсан аж.
ҮХЛИЙН ДАРААХ АМЬДРАЛ
Нөхрөө алга болсны дараа Барбара оршуулгын ажлын бизнесийг нь худалдаж, хүүхдүүдийн хамт эцэг, эхдээ ойр, Калифорни муж улсын нөгөө зах руу нүүв. Нягтлан бодогчийн ажилдаа орж, Санта-Круз ууланд жижигхэн оромж худалдаж аваад, засжээ. “Манайх тун тохь тухтай байшинтай байсан. Тансаг биш ч гэр бүлээрээ амьдрахад үнэхээр сайхан байшин байлаа” гэж Линн дурссан байна.
Сураггүй болсноос нь хойш долоон жилийн дараа улсаас Дугласыг амиа алдсанд тооцжээ. Нийгмийн даатгалын алба гэр бүлд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж өгч эхлэв. Барбарад хэдэн жил 87, Линнд 12, Бетэд 10 мянган доллар өгсөн гэнэ. Гэхдээ охид мөнгөө насанд хүрч, коллежид элсэхдээ л ашигласан аж.
Барбара дахин нөхөрт гараагүй бөгөөд хайртай хүнээ хүлээсээр байж. Жил ирэх тусам л Дугласт юу тохиолдсон байж болох талаар охидынхоо хамт таавар тавьдаг байв. Түүнийг үхсэн гэдэгт итгэдэггүй учир ой санамжаа алдсанаас эргэж ирэхгүй хэмээн тэд биесээ тайвшруулдаг гэнэ. Итгэл даах хүнтэй болоогүй учир том охин нь ээжтэйгээ амьдарч байв. Харин Бага охин Линн л нөхөртэй болж, гэрээсээ явжээ.
Энэ хугацаанд Дуглас нийгмийн даатгалын албанд очиж, биеийн байцаалтаа гээсэн гэж. Тэрбээр өөрийгөө оршуулгын бизнесийнх нь үйлчлүүлэгчдийн нэгээр, Ричард Морли хэмээн танилцуулжээ. Талийгаачийн биеийн байцаалтыг хулгайлахын тулд өөрийгөө нас барсан гэсэн баримт бичиг бүрдүүлээгүй гэнэ. 1969 онд Дуглас-Ричард гэгч болж, нийгмийн даатгалын шинэ дугаар авчээ. Түүний адил гэр бүлээ орхисон амраг нь ч түүнтэй нийлсэн байна.
НУУЦ ХЭЗЭЭД ИЛ БОЛДОГ
Ричард Морлигийн жинхэнэ эхнэр байж, ер бусын их өртэй болоогүй бол Гренстедийн гэр бүл үнэнийг огт мэдэхгүй өнгөрөх байсан. Тэтгэлэг өгөхгүй байна хэмээн Ричардын эхнэр Нийгмийн даатгалын албанд гомдол мэдүүлжээ. Гэтэл нөхөр нь эсэн мэнд төдийгүй ажил эрхэлж, татвараа ягштал төлдөг байсан болж таарав.
2015 оны тавдугаар сард хуурамч Ричард буюу Дугласыг Холбооны мөрдөх товчооны мөрдөгчид сонирхтол уушгины хатгалгаар нас бараад долоон сар болсныг тогтоосон байна. Тэгэхэд Дуглас 87 настай байжээ. Гэрээсээ гарснаасаа хойш тэрбээр эхнэр, охидтойгоо ч, хуучин найз нөхөд, эцэг, эхтэйгээ ганц ч удаа уулзаагүй аж. Эцэг, эх нь хүүгийнхээ тухай үнэнийг мэдэлгүй хорвоог орхижээ.
Нас барахынхаа өмнө Дуглас Нийгмийн даатгалын албанд гараар “Миний одоогийн нэр Ричард Морли. Гэхдээ энэ хүний нэрийг би авсан. Миний жинхэнэ нэрийг Дуглас Гренстед гэдэг. Ричард Морлигийн төрсний гэрчилгээ надад байхгүй” гэсэн захидал бичсэн гэнэ.
Ингээд 2016 онд гэрийнхэн нь Дугласын тухай сураг сонсжээ. Зургадугаар сард гэрт нь Холбооны мөрдөх товчооны мөрдөгчид ирж, алга болсон нөхөр болон эцэг нь амьд байсныг эмэгтэйчүүдэд мэдэгдсэн байна. Нөхөртэй нь зугтсан эмэгтэй тэдний гэр бүлийн сайн танил, холгүйхэн амьдардаг хүн байжээ. Дугласыг алга болоход тэр эмэгтэй Барбара болон охид дээр очиж, тэднийг тайвшруулж, бүр эрэн хайх ажилд идэвхтэй оролцсон гэнэ. Гэвч гурван долоо хоногийн дараа оршин суугаа газраа бүрмөсөн орхиж явахдаа тэр эмэгтэй нөхрөөсөө гэрлэлтээ цуглуулахыг шаардсан зурвас үлдээсэн байжээ. Тэр үед уг хоёр үйл явдал холбоотой чинээ хэн ч тааварласангүй.
Өнгөрсөн бүх хугацаанд Дугластаа үнэнч явсан Барбарагийн сэтгэл зүрх эмтэрчээ. 15 жил аз жаргалтай амьдарсны дараа нөхөр нь ийм алхам хийснийг тэрбээр яагаад ч ойлгоогүй гэнэ. “Ээж бүр мэл гайхаж, зунжин манан дунд байгаа мэт явсан. Болсон явдлыг хүлээн зөвшөөрч огт чадаагүй. Тэр эмэгтэй л толгойг нь эргүүлж, тэр төөрөлдөөнөөс гарч чадаагүй байх гэж аавыг зөвтгөсөөр байсан. “Би нугад сууж байсан, гэхдээ бүхнийг засаж, залруулна” гэж хэлэх хүч хүрээгүй байх гэж л ээж бодсон. Аав их золиос гаргасан нь эмгэнэлтэй” хэмээн Линн ярьжээ.
Гэвч гол цохилт эмэгтэйчүүдийг хүлээж байв. Нийгмийн даатгалын албанаас удалгүй Барбара, түүний охидод хилэгнэсэн захидал илгээсэн байна. Тэжээгчээ алдсан хэмээн авч байсан 109 мянга орчим долларыг эргүүлэн төлөхийг тэднээс шаардав. “Бидэнд ямар ч мөнгө байгаагүй. Өр дараад өгөх хүмүүс байсан л байх. Гэхдээ бид тэдэнд хандаагүй” гэж Линн хэлжээ.
“ТЭР БИШ, БИД ХОХИРОГЧ”
Барбараг насан эцэслэх хүртлээ сар бүр 10 доллар төлж байх, үлдсэн 87 мянган долларыг цайруулах шүүхийн шийдвэр гарснаар охид амьсгаа авчээ. Гэвч хоёр сарын дараа 2018 оны есдүгээр сард 89 настай Барбара нас барж, шүүх шийдвэрээ цуцалсан байна. Эцгийнх нь нууц амьдралын тухай мэдээ, гэнэтийн өр харьцангуй эрүүл байсан ээжийг нь эрт “явуулчихлаа” хэмээн эгч, дүү хоёр үзэж буй.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нд гаргасан шүүхийн шийдвэрт Барбарагийн хөрөнгө, гэрийг худалдах замаар өрийг нь барагдуулахаар заажээ. Гэвч эл гэрт 63 настай Бет амьдардаг. Байшингүй болбол тэрбээр хаана амьдрах билээ. Тиймээс эмэгтэйчүүд давж заалдах шатны шүүхэд хандаж, ямар шийдвэр гаргахыг тэсэн ядан хүлээж байна.
“Энэ түүний (эцгийн) үйлдсэн гэмт хэрэг болохоос биднийх биш. Бид түүний үйлдсэн гэмт хэргийн золиос” гэж 61 настай Линн мэдэгджээ. Эгч, дүү хоёрын хөлсөлсөн өмгөөлөгч Глен Оливс шүүхийн шийдвэрийг хүнлэг бус гэв. “Нийгмийн даатгалын алба эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг. Эмэгтэйчүүд буруугүй хэмээн шүүгчид хуралдааны явцад мэдэгдсэн ч төлбөрөөс зайлсхийж чадсангүй” гэж тэрбээр мэдэгджээ.
“Аав хохирогч болсон, түүнд ямар нэг зүйл тохиолдсон л гэж бид бодсоор ирсэн. Харин болсон явдлыг мэдсэн хойноо хохирогч нь бид болохын мэдлээ. Өрийг цайруулаасай хэмээн бид их хүсэж байна. Энэ асар их мөнгө болохыг би ойлгож байгаа ч шүүгчид буруу шаардлага бидэнд тавьж буй. Түүнийг амьд гэж бид мэдээгүй. Тиймээс түүний үйлдсэн гэмт хэргийн төлөөсийг бид хариуцах ёсгүй” гэж Линн сэтгүүлчдэд хэлсэн байна.
Нийгмийн даатгалын албаны төлөөлөгч сэтгүүлчидтэй уулзахдаа “Гренстедийнхний хэрэг”-ийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан ч “Асуудал сайнаар төгсөнө гэж найдах үндэслэл эгч, дүү хоёрт бий” гэжээ. Тус албаны захиргаанаас эмэгтэйчүүдтэй хэд хэдэн удаа холбоо барьсан гэнэ.
Ямар ч байсан Гренстедийнхний хэргийг бараг л Америкийн хуулийн товчоо бүрт хэлэлцэж байна. “Энэ бол ер бусын тохиолдол. Нийгмийн даатгалын албаны ямар ч ажилтнаас асуувал ийм явдал огт тохиолдож байгаагүйг хэлнэ” гэж Глен Оливс тэмдэглэсэн байна.
“Ямар том холион бантан хутгасныг төсөөлөхөд ч бэрх” хэмээн Нийгмийн даатгалын албаны тэтгэмжийн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгч Жереми Борделон хэлжээ. Жинхэнэ Морлигийн төрөл төрөгсөд ч, хуурамч Морли буюу Дугласын гэр бүл ч хохиров. Хэдийн нойрссон Морли, мөн Дугласаас бусад нь хохирч үлджээ.