ОХУ-ын Улаан-Үүд, Эрхүү хотуудад оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна. Учир нь байшин барилгад тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл хууль хяналтын байгууллагуудад ирсэн тул ийнхүү шуурхай ажиллаж байна.
Улаан-Үүдэд гэхэд хотын захиргаа, Засгийн газар, Ардын хурал зэрэг төрийн байгууллагуудын байрнаас ажилтнуудыг гаргаж байгаа бол Эрхүү хотод зургаан эмнэлгээс ажилтан, өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлээд байна.
Хууль хяналтын байгууллагын төлөөлөгчийн өгүүлснээр байшин барилгад тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл өнөө өглөөнөөс түгэж эхэлжээ. Гэхдээ тэсрэх бөмбөг үнэхээр байгаа эсэх талаар Цагдаагийн газар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Өчигдөр ОХУ-ын Өмнөд Сахалинск хотод мөн дээрх шалтгаанаар оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.