УИХ-ын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр “Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг чөлөөлөх талаар УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал чуулганаар шийдэгдэж, өнөөдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Хориод минутын өмнө УИХ-ын нэр бүхий 39 гишүүн их хурлын даргыг ажлаас нь чөлөөлөхийг хүссэн гарын үсэг бүхий тогтоолын төслийг надад өргөн барилаа.
Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй. УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байж, яаралтай горимоор хэлэлцэх журамд оруулж, захирамж гаргадаг. Өнөөдөр 13.00 цагаас УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, эцсийн шийдвэр гарна. Энэ асуудалтай холбоотойгоор Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал бодлоо солилцсон. Ингэхдээ өнөөдрөөс хойш чуулган хуралдах боломжтой өдөр бол ирэх мягмар гараг юм байна гэж үзлээ. Тус өдрийн 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, 10.00 цагаас чуулганыг хуралдуулж УИХ-ын даргыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ. Хууль хэдийгээр өнөөдөр хэрэгжиж эхэлж байгаа ч хуулийг хэрэглэх явдал нь дэгийн тухай хуулийн дагуу хэрэглэнэ гэсэн заалттай.
Нөгөө талаас, энэ долоо хоногийн хуваарьт ороогүй, дөнгөж сая өргөн барьсан учир өнөөдөр хэлэлцэх боломжгүй.
Би ямар нэгэн албан тушаалтай зууралдаад байгаа зүйл байхгүй гэдгээ өмнө нь ч мэдэгдэж байсан. Хуулийн дагуу, хуульд заасан үндэслэлийн дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдөхөд болохгүй гэх зүйл байхгүй. Иймд Монгол түмний уламжлалт баяр Цагаан сараас өмнө шинэ УИХ-ын дарга сонгогдоно. Өөрөөр хэлбэл, дараагийн их хурлын дарга сонгогдох 3-4 хоногийн хугацааг нь бодолцож, чуулганы хугацааг нааш нь урагшлууллаа" гэлээ.