УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай, Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай, Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай, Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 23-ны хуралдаанаараа дээрх тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм.
Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн М.Билэгт асуулт тавьж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Энх-Амгалан нар санал хэлэн, байр сууриа илэрхийллээ. Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогт асуултад хариулахдаа уг төсөл Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааг тодорхой болгож, улс төрөөс хараат бус, бие даасан байх нөхцөл бүрдүүлэхэд чиглэснийг онцолж байв.
Үргэлжлүүлэн Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн, М.Билэгт нар асуулт тавьж, санал хэлсэн. Гишүүд төрийн албаны хүний нөөцийн бодлого алдагдсаныг онцлоод төрийн албаны бүтэц данхайсан, албан хаагчийн мэдлэг, чадавх сул, иргэдэд хүнд суртал гаргадаг байдлыг цэгцлэх шаардлагатайг анхааруулж байв.
Хуралдаан Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Л.Элдэв-Очир нар асуулт тавьж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төрийн албаны бүтэц цомхон байснаараа илүү дархлаатай болохыг онцолсон бол гишүүн С.Бямбацогт иргэдийг аюулгүй, амгалан тайван амьдруулах, сурч боловсрох, эрүүл аж төрөхөд төрийн тусгай, үйлчилгээний албаны орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг тодотгов. Харин төрийн захиргааны албан хаагчдын бүтэц, бүрэлдэхүүнд зайлшгүй дүн шинжилгээ хийж, цомхон, чадварлаг болох шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төрийн албаны бүтэц данхайх асуудалд ялгамжтай хандахыг онцлохын зэрэгцээ одоогоор 191 мянган төрийн албан хаагч байгаагийн 135 мянга нь төрийн үйлчилгээ, 37 мянга нь төрийн тусгай, 19 мянга нь төрийн захиргааны албан хаагч байгааг тодотгов.
Дээрх төслүүдийг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил, Н.Учрал, Б.Баттөмөр нар асуулт тавьж, санал хэлэв. Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн гишүүдийн асуултад хариулахдаа төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон хууль бусаар ажлаас чөлөөлсөн, халсан, эрх зөрчсөн, эсэх маргааны талаар өмнө нь Төрийн албаны зөвлөл зөвлөмж, дүгнэлт гаргадаг байсан. Харин одоо Төрийн албаны зөвлөлийн эрхийг нэмэгдүүлж, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон хууль бусаар ажлаас чөлөөлсөн, халсан талаарх маргааныг хянан шийдвэрлэхээр болсныг онцолж байлаа. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдийн завсарлагын цаг болсон тул төслийг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж, дэмжсэн.