Австрали, Тайланд, БНСУ-д суух элчин сайдыг томилох асуудал жил гаруйн хугацаанд саатаж байгаа тул Г.Тэнгэр, Н.Чингүндарь, Б.Хурц нарыг эргүүлэн татах нь зүйтэй хэмээн УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газар хэлэлцэж буй. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулахад "Дээрх элчин сайд нарыг эргүүлэн татаад, оронд нь шинээр томилох асуудлыг хэлэлцэж байгаа. Мөн хугацаа нь дуусаад, шинээр томилогдох ёстой элчин сайд нарын асуудал ч яригдаж байгаа. Ойрын хугацаанд шинэ элчин сайд нарын нэрсийг өргөн барина. Харин тэдний нэрсийг одоогоор зарлах боломжгүй. Нийтдээ арваад элчин сайдын асуудал яригдана.
Дипломат албаны үйл ажиллагаа хэзээ ч тасалддаггүй. Элчин сайдыг томилох үйл явцад тодорхой цаг хугацаа шаардагддаг. Энэ хугацаанд түр хамаарагч үүрэг орлон гүйцэтгэдэг. Австрали, Тайландад яг одоо элчин сайд нар нь ажлаа хийгээд явж байгаа. Тэднийг эргүүлэн татаагүй байгаа. Харин шинэ элчин сайд нарт тавигдах шаардлагын хувьд Төрийн албаны шинэ хууль, төрийн албан хаагчаар ажиллаж байсан туршлага, мерит зарчим, ур чадвар, төрөөс өгч байгаа үүрэг даалгаврыг биелүүлж чадах эсэх зэргийг харгалзан үзнэ.
“Мерит зарчим” гэдэг нь Төрийн мэргэшсэн албаны томилгоог улс төрийн хуваарилалт, захиалгаар бус, түүнээс бүрэн ангид бөгөөд шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах зарчмаар төрийн албанд томилох болон зөвхөн хүлээн зөвшөөрөхүйц зүтгэл, үр дүн гаргасныхаа үнэлэмжээр албан тушаал дэвших тухай тогтсон үзэл баримтлал юм.