Умард Солонгосын пуужингууд АНУ-д тусаагүй, БНАСАУ-ыг Америкийн галан шуурга хараахан дайраагүй байна. Үүнд тус хоёр улсын удирдагч Дональд Трамп, Ким Жөн Ун нар болон олон дипломатч төдийгүй биеэрээ дүүрэн шивээс, нүүрэндээ пирсинг (нүүрнийхээ аль нэг хэсэгт зүүдэг ээмэг)-тэй, хумсаа буддаг, хар арьст, хачин этгээд сагсан бөмбөгчин Деннис Родманы гавьяа бий. Тэрбээр сүүлийн үед олон улсын анхаарал татсан хамгийн алдартай нэгэн яах аргагүй мөн.
“СУГА” ӨСӨГЧ
Деннис Родман АНУ-ын Нью-Жерси муж улсад 1961 оны тавдугаар сарын 13-нд мэндэлжээ. Агаарын цэргийн хүчинд алба хаагч эцэг нь ээжээс нь эрт салж, Филиппинд амьдардаг болсон аж. Эцэг нь 20 гаруй хүүхэдтэй гэж ярьдаг. Харин Деннис эцэг нэгт 44 ах, дүүтэй гэдэг.
Ээж нь түүнийг хоёр эгчийнх нь хамт өсгөхийн тулд заримдаа өдөрт дөрвөн өөр газар ажилладаг байж. Техас муж улсын Даллас хотын хамгийн ядуу хорооллуудын нэгд өссөн залуу эгч нарынхаа нөмөр нөөлөгт амьдарч ирэв. Хоёр эгч нь авьяаслаг сагсан бөмбөгчид тооцогддог бөгөөд хожмоо их амжилтад хүрсэн юм. Дунд сургуульд сагсан бөмбөг болон америк хөлбөмбөгийн багт орох гэсэн боловч нурууны өндөр нь шаардлага хангадаггүй байв.
Дунд сургуулиа төгсөөд Далласын нисэх буудалд шөнийн ээлжийн цэвэрлэгчээр ажиллажээ. Энэ үеэс суга өсөж, сагсан бөмбөгчин болох мөрөөдөл нь биелэх боломжтой болов. Техасын их сургуульд спортын амжилт нь түргэн ахисан боловч эхний улирлын тэмцээний үзүүлэлт онцгойрох юмгүй дуусжээ. Тэндээсээ Оклахомын их сургуульд элссэн бөгөөд ирээдүйд сагсан бөмбөгийн од болох гараагаа эндээс эхэлсэн гэдэг.
Америкийн шилдэг сонирхогч-тамирчдын жагсаалтад тэрбээр гурван ч удаа бичигдэв. Түүний амжилтыг “Detroit pistons” анзаарч, энэ багийн эгнээнд есөн жил тоглосон байна. Дараа нь “San antonio”-д хоёр, “Chicago bulls”-д гурван жил тоглож, эцэст нь “Dallas mavericks”-т амжилт олоогүй тул Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-н дахь карьераа дуусгасан юм. Үүний дараа рестлинг (театрчилсан спорт шоу)-ээр хичээллэж, рингэд домогт Халк Хогантай тулалдаж үзжээ.
ЭТГЭЭД “АМЬТАН”
Деннисийн хувьд 1992 он эрс өөрчлөлтийн жил болов. Хоёр дахь эцгээ хэмээдэг дасгалжуулагч нь “Detroit pistons”-оос гарчээ. Мөн тэр үед охиныхоо ээж Энни Бейкээс гэрлэлтээ цуцлуулав. 1993 оны хоёрдугаар сард алдарт сагсан бөмбөгчнийг машиндаа цэнэгтэй буутай унтаж байсныг олсон юм.
“Амиа хорлох гээгүй, Деннис Родманыг буруу замаар явуулж буй этгээдийг хороохоор шийдсэн байж. “Хүссэнээрээ амьдарч, аз жаргалтай байх юм шүү” гэж өөртөө хэлсэн. Тэгэхэд л амьдралаа өөрчилсөн. Хүсээгүй хүн болгох гэсэн этгээдийг би хороосон” гэж тэрбээр дараа нь ярьжээ. Родман үнэхээр хачин этгээд болох нь тэр, жишээ нь, бэлтгэлдээ явахгүй, рингнээс гаргах гэхээр зөрүүдэлж зайлсхийх болсон.
Үсээ богиносгож, цагаан, улаан, цэнхрээр будаж, дуучин Мадоннатай хоёр сар болзож, дараа нь анхны номынхоо танилцуулгад зориулан, хуримын даашинзаар гоёж, эр, эм хүйстэнтэй явалдагч болсон, тэр бүү хэл өөртэйгөө гэрлэхээ мэдэгджээ. Хоёр дахь номынхоо танилцуулгад зориулж, шарилын хайрцагт сууж, зургаа даруулсан байдаг. “Арьс нөмөрснөөс нүцгэн явсан нь дээр” уриатай, амьтан хамгаалагчдын сурталчилгаанд нүцгэн зургаа авхуулсан анхны эрэгтэй бол Родман.
Жүжигчин болох гэсэн оролдлого нь амжилт олсонгүй. Түүний анх тоглосон “Double team” кино нь хамгийн муу шинэ од, туслах дүр, хос жүжигчин (Жан-Клод Ван Даммын хамт) гэсэн гурван шагнал хүртжээ. Родмон ихэвчлэн өөрийн дүрд тоглодог. “Симпсоныхон” олон ангит хүүхэлдэйн кинонд ч өөрийгөө бүтээсэн. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын хөтөлдөг байсан “Celebrity apprentice” реалити шоунд оролцоход түүний хурц ширүүн зан үзэгчдэд таалагдсан бол хөтлөгч нь түүнийг олхиогүй, архинд дурладаг гээд хөөжээ. Хатуу ундаанаас болж нэг бус удаа замын цагдаад торгуулж, зодолдож, эхнэртээ гар хүрсний учир баривчлагдаж байв.
ЧУЧХЕ БА САГСАН БӨМБӨГ
БНАСАУ-ыг удирдан жолооддог Ким овогтынхон сагсан бөмбөгт дуртай. Тус улсыг үүсгэн байгуулагчийн хүү Ким Жөн Ирээс эл сонирхол эхэлжээ. 1990-ээд оны эхээр өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн төлөөлөгчид хэлэлцээ хийхээр АНУ-д очив.
“Уулзалт төлөвлөсөн ёсоор үргэлжилж байтал төлөөлөгчдийн тэргүүн гэнэт цагаа харснаас “Больё. Завсарлая. Майкл Жордан, “Chicago bulls” тоглож байна. Скотти Пиппен гэмтлийн дараа тоглох, эсэхийг хармаар байна” гэж хэлж байсан гэдгийг Америкийн дипломатч хэлснийг “San Diego union tribune” сонинд уламжилжээ. Ингээд тэд тэмцээн үзсэн ба Умард Солонгосын дипломатч удирдагчдын хамт тэмцээн сонирхох болсон аж.
2000 оны аравдгаар сард Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт Пёньянд очихдоо Ким Жөн Унд үнэтэй бэлэг барьжээ. Тэр нь домогт Майкл Жорданы гарын үсэгтэй бөмбөг байв. “Тэрбээр (Ким Жөн Ун) гайхсан байх. Гэхдээ таалагдсан нь илт байсан. Ийм юм авна гэж санаагүй байх” гэж тэр үеийн АНУ-ын Тагнуулын төв газрын Умард Солонгосыг хариуцсан ахлах шинжээч Боб Карлин дурссан байна.
Ким Жөн Ун Умард Солонгосын сагсан бөмбөгчин И Мён Хуныг дасгалжуулагч, дипломатч, хамгаалагчийн хамт Канад руу илгээж байв. 2.3 метр өндөр тамирчин мэргэжилтнүүдийн анхаарал татсан ч тоглогч хөлслөхийг Америкийн Төрийн департамент хориг арга хэмжээний дэглэм зөрчсөн хэрэг болно гэжээ. Харин америкчууд И Мён Хуныг Пёньяны сагсан бөмбөгийн дипломат бодлогын нэг хэсэг болохыг ойлгох үед тэрбээр хэдийн нутаг буцсан байв. Түшмэд БНАСАУ руу сагсан бөмбөгчин, дасгалжуулагчид санал болгосон ч хүлээж аваагүй байна.
Ким Жөн Ун эцгийнхээ сонирхлыг өвлөжээ. Тэдний гэр бүлийн тогооч Япон руу зугтан гарахдаа Ким Жөн Ирийн хөвгүүн болох Ким Жөн Ун, Ким Ён Чоль нар сагс руу бөмбөг шидэж тоглоод, дараа нь алдаж, оносноо тооцож ярьдгийг дурссан байна. Элчин сайдын яамны ажилтны дүр эсгэж, Швейцарт сурч байхад тэдний амьдралын чухал хэсэг нь тоглох байжээ. “Ким Жөн Ун “Chicago bulls”-ийн Тони Кукоч, “Los Angeles lakers”-ийн Коби Брайант нартай авхуулсан гэрэл зургаа бахархан үзүүлдэг” гэж Кимийн найз нарын нэг нь Өмнөд Солонгосын хэвлэлд ярьсан байна. Түүний хэлснээр Ким хэдэн цаг харандаа барин, Майкл Жорданыг зурж суудаг байсан гэнэ. NBA-ийн нөхөрсөг тоглолт руу Пан Ун (Ким Жөн Уныг Швейцарт ингэж дууддаг байжээ)-ыг элчингийн машин нэг удаа л лав хүргэж байсан аж.
Ташрамд дурдахад, Ким Жөн Ун, Ким Ён Чоль нар онцгой тоглогч байгаагүй, тэднийг сургууль дээр нь бие хамгаалагч нь л дэмждэг байжээ. Умард Солонгосын ирээдүйн удирдагч их шартай, “Тэрбээр их түргэн ууртай, гоол хийх боломж бүрдүүлж чаддаг. Хожигдохыг үзэн яддаг, хожих нь л чухал байлаа” гэж нэг анд нь дурсжээ. Тэрбээр БНАСАУ-ын удирдагчид атаархдаг байсан гэнэ. Ким 200 ам.долларын үнэ бүхий “Nike” спорт гутал өмсдөг байж. Кимийг бэлтгэл хийж байхад нь ЭСЯ-ны эмэгтэйчүүд дүрс бичлэгийн камертай мөрддөг байсан бөгөөд хичээлийн жилийн дундуур гэнэт алга болсон гэнэ. Найзууд нь түүнийг удахгүй эргээд ирнэ гэж бодож байсан ч Ким Жөн Ир хүүгийнхээ талаар өөр төлөвлөгөөтэй байсан аж.
ШИРЭН БӨМБӨГИЙН АЧ
БНАСАУ-ын залуу удирдагч Ким Жөн Унд бараалхах амаргүй. Цөмийн болон пуужингийн туршилтын талаар Пёньянтай хэлэлцээ хийх гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн өндөр албан тушаал хашдаг төлөөлөгчид доогуур албаныхантай л уулздаг байв. Нью-Мексико муж улсын захирагч асантай хамт БНАСАУ-д очсон “Google” компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Эрик Шмидт гар хоосон буцсан.
Мөн Британийн дипломатч Ким Жөн Унтай хоёр үг солихын тулд түүнтэй хамт Америкийн толгодоор яваад ч амжилт олоогүй. Харин дэлхийн хамгийн аюултай бөгөөд сонирхолтой өнцөг булан бүрээс сурвалжилга хийдгээрээ алдартай VICE телевизийн сэтгүүлчид 2013 оны хоёрдугаар сард Умард Солонгосыг зорихоор шийджээ. Тус улсын дэглэмийн үнэн бодит байдлыг харуулах зорилгодоо сагсан бөмбөгийн хамтарсан тэмцээн хийх арга хэрэглэсэн байна. Сэтгүүлчдийн баг “Harlem globetrotters” клубийн гурван тоглогч болон “Chicago bulls”-ийн од Деннис Родманы хамт Пёньянд газардав.
Зочид сагсан бөмбөгийн өсвөр үеийн багтай бэлтгэл хийж, далайн гахайн (дельфин) тоглолт үзэж, эмэгтэйчүүдийн хөх томруулдаг, Умард Солонгосын аппараттай танилцжээ. Зочдоос өөр үйлчлүүлэгчгүй, худалдан авах ч юмгүй тансаг дэлгүүр, хэдэн арван хүн хөдөлгөөнгүй суугаа компьютерын лабораторид орсон гэнэ. Харин сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт л жинхэнэ гэнэтийн бэлэг болжээ.
Ким Жөн Ун томоохон цэнгэлдэх хүрээлэнгийн индэрт гарахад “Түм наслах болтугай!” хэмээн олон мянган хүн зэрэг бослоо. Удирдагчийн зүүн гар талд Деннис Родман сууж байхыг хараад Америкийн зочид нүдэндээ ч итгээгүй гэнэ. Тоглолт ч нэлээд хачин болж, хамгаалалтгүй, харилцан гоол хийсээр, онооны зөрүү 20 байх болов уу гэтэл 110:110 оноогоор тэнцжээ.
Деннис гэнэт үг хэлж, хүндэтгэл үзүүлж, найрсгаар хүлээн авсан солонгосчуудад талархлаа илэрхийлэв. “Ноёнтоон, би амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл таны анд нөхөр байх болно” хэмээн Ким Жөн Ун руу харан хэлжээ. Тэднийг гар барихад үзэгчид дахин алга нижигнүүлэн ташсан байна. Дараа нь зочдыг удирдагчтай зоог барихыг урьж, Умард Солонгосын чуулга “Рокки” киноны хөгжмийг тоглосон бол Фрэнк Синатрагийн “My Way” дууг Деннис Кимд зориулан дуулахад орчуулагч нь саксафон хөгжим тоглон хамтарсан гэнэ.
УМАРД СОЛОНГОСЫН БАГАЧУУДЫН ХАМГИЙН САЙН НАЙЗ
Ийн жинхэнэ нөхөрлөл бий болов. Хорих ял шийтгүүлсэн номлогч Кеннет Бэйг суллахыг Деннис 2013 оны тавдугаар сард Кимээс хүсжээ. “Дайсагнагч орнууд хооронд үүссэн мөсийг хайлуулах нь миний зорилго. Надад яагаад ийм үүрэг ногдсоныг мэдэхгүй. Манай гаргийн бүх хүнээс чухам Деннис Родманд шүү! Бид бүгдийг хамгаалах нь миний үүрэг биш, хар залуугийн (Барак Обама) л ажил.
Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшигчдийн жагсаалтын эхний гуравт миний нэр байхгүй бол энд ямар нэг алдаа гарсан гэсэн үг” хэмээн тэрбээр сэтгүүлчдэд өгүүлжээ. Ташрамд хэлэхэд, тэрбээр дипломатч биш бөгөөд юуны түрүүнд Умард Солонгост сагсан бөмбөг хөгжүүлэхийг хүсэж буйгаа тэмдэглэсэн байдаг. Деннис Б.Обамагаас Ким рүү утасдахыг удаа дараа хүссэн боловч Америкийн удирдагч хүлээж аваагүй аж.
Сагсан бөмбөгчин маань есдүгээр сард Пёньянд очиж, Ким Жөн Уны шинэ төрсөн охиныг тэвэрч, арванхоёрдугаар сард нь солонгосчуудтай хамтарсан бэлтгэл хийж, удирдагчийн 2014 оны төрсөн өдрөөр нөхөрсөг тоглолт зохион байгуулахаар товлосон. Амласан ёсоор NBA-ийн од болсон зургаан ахмад тамирчныг БНАСАУ-ын шигшээ багийнхантай тоглуулахад 47:39 оноогоо америкчууд хожигдсон байна. Деннис Кимд “Happy birth¬day” дууг дуулж өгснийг буруушаах хүн байсан ч хачин этгээд тамирчин улс хоорондын харилцааг сайжруулахын тулд АНУ-ын бүхэл бүтэн Төрийн департаментаас илүүг хийж чадсаныг тэмдэглэх байв.
Үүнээс хойш хоёр орны харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсан. Деннис хамгийн сүүлд түүхэн дээд хэмжээний уулзалтын гэрч болж Сингапурт очихдоо хэвлэлд нь “Бүх зүйл Цагаан ордон, Дональд Трампын гарт үлдлээ. Миний хувьд болсон. Би энд байгаадаа, бусад хүн ч над шиг сэтгэгдэлтэй буйд баяртай байна. Энэ бол олон талаар Трампын ач. Чухам тэр л үүнийг хийлээ!” гэжээ.
Өдгөө АНУ, БНАСАУ-ын харилцаа шулуун дардан болоогүй ч этгээд сагсан бөмбөгчин хоёр орны харилцааны түүхэнд гэнэтийн дипломат алхам хийснээрээ тэмдэглэгдэв.