Хөнгөн атлетикийн ойрын зайн гүйлтийн олимпийн найм, дэлхийн 11 удаагийн аварга Усэйн Болт унаган спортоо орхиж хөлбөмбөгөөр хичээллэхээр шийдсэн. Мэргэжлийн хөлбөмбөгчин болох багын хүслээ гүйцэлдүүлэхээр тэрбээр сүүлийн хэдэн жилийн турш тус ертөнцад шингэх арга сэм хайсаар ирэв. Мэргэжлийн хэд, хэдэн клубт бэлтгэл хийж, улмаар Австралийн “Сентрал Кост Маринерс” багтай гэрээ байгуулах дээрээ тулсан ч цалин хөлсөн дээрээ тохирч чадаагүй.
Мэдээж, сонирхогчийн түвшний тоглогчтой өндөр өртөгтэй гэрээг ямар ч баг байгуулахгүй тул 150 мянган долларыг нэг жилд өгөх саналыг австраличууд тавьсан нь Болтод таалагдаагүй байна. Ямайк залуу үүнээс өмнө Мальтын “Валетта” багийн саналыг голоод байсан юм. Энэ бүх явдлуудын дараа түүнд мэргэжлийн түвшинд ядаж бэлтгэл хийх боломж олдоогүй байна. Тиймээс эхлүүлж амжаагүй хөлбөмбөгчний замналаа өндөрлүүлж байгаагаа зарлалаа.