ОХУ-ын Эрхүү хотоос Тайландын Пухет арал руу нисэх хуваарьтай Boeing-777-200 онгоцны нислэг хоёр дахь удаагаа хойшилжээ. Учир нь нисэхийн өмнө онгоцны хөдөлгүүрт гал гарсан байна. Үүний улмаас 427 зорчигч нисэх цагаа хүлээж байгаа аж. Тэдний 48 хувь буюу 200 нь монгол улсын иргэд байна. Эрхүүгийн иргэд гэртээ харьсан бол нутгаасаа хол монголчууд 15 цагийн турш нисэх буудал дээр өнжиж байна. Nordwind компанийн төлөөлөгчийн хэлснээр зоригчдыг Тайландад хүргэх ажилд нөөц онгоц гаргасан гэх боловч хэзээ нисэх нь тодорхойгүй байгаа гэнэ.
Nordwind компани өнгөрсөн намраас эхлэн Эрхүү хотоос Тайланд хүрэх шууд нислэг хийж байгаа бөгөөд үүгээр үйлчлүүлэгчдийн олонх нь монголчууд байгаа аж. Тасалбарын үнэ хямд, үйлчилгээний чанар сайн гэсэн шалтгаанаар ийм олноороо ирж байгаа гэсэн тайлбарыг компанийн төлөөлөгч өгч байгаа. Гэхдээ монгол иргэд онгоцны тасалбарыг урьдчилж олноор нь авчихдгаас болж нутгийн орос иргэд тасалбарын гачаалалд орж байгаа гэнэ. Монголчуудын энэ үйлдлээс болж тасалбарын үнэ 20 хувиар нэмэгдээд байна.