ОХУ-ын Эрхүү хотын нисэх буудал дээр онгоц нисэх цагаа хүлээж байсан Монголын нэгэн гэр бүл өдрийн ундаа идэх гээд тэр хавийн оросуудын нүдийг орой дээр нь гаргажээ. Тэд хоолны кастрюль, ус буцалгагч, таван литрийн савалгаатай ус, цахилгаан плитка зэргийг онгоцны буудлын хүлээлгийн зааланд энгүүлж тавиад хоол хийх ажилдаа орсон байна. Шөл буцалж, хоол нь ч болжээ. Гэвч хоолоо идэж амжаагүй гэнэ.
Тэдний хоол яг буцалж байх тэр агшинд зорчигчид онгоцондоо суух зар түгсэн бөгөөд гэнэтийн мэдээлэлд сандарсан монголчууд талаар нэг тараасан хөрөнгөө цуглуулах гэж баахан тэвдсэн байна. Тэдгээрийгээ арай гэж цуглуулаад давхиад очтол онгоц нь аль хэдийнэ хаалгаа барьсан байжээ. Ийнхүү хүний газар хэт тухалснаасаа болж тэд идсэн хоол ч үгүй, нисэх онгоц ч үгүй хоцорсон хэмээн ОХУ-ын Эрхүү муж, Буриадын БНУ, Красноярскийн хязгаар дахь үйл явдлыг мэдээлдэг babr24.com сайт мэдээлжээ.