Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Тариалан эрхлэлтийг дэмжих сан 80 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй. Энэ бол хэдэн жилийн өмнөх баттай мэдээлэл. Эл сангийн чанаргүй зээлийн хэмжээ одоо хэдэн төгрөгт хүрсэн нь нууц. Магадгүй 100 тэрбум төгрөг даваад талийж өгсөн байж ч мэднэ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан ийм их хэмжээний мөнгө хэн нэгэнд зээлүүлээд авч чадахгүй байгааг олон нийт тэр бүр мэдэхгүй. Засгийн газрын тусгай сангийн ажил хэрхэн цалгардаж, хулгайч нарын гараар ордгийн бодит жишээ энэ билээ.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хэн хэн гэгч зээл авчихаад төлөхгүй байна вэ гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн үе үеийн сайд нар зарладаггүй. Тэр ч бүү хэл, нуун дарагдуулдаг. Хэрэв зарлавал, мэдээллийг олон нийтэд нээлттэй болговол өдий төдий хүмүүсийн нэр хүнд сэвтэх учраас ингэдэг байх гэж хардахаас аргагүй. Манай олон улстөрч, нэр хүндтэй бизнесмэн их, бага хэмжээгээр газар тариалан эрхэлдэг. Тэдний нэр ч зээлсэн мөнгөө төлөхгүй байгаа нөхөдтэй нэг “сагсанд” багтаж байж ч мэдэх юм. Хэнэггүй нөхдийн зувчуулсан хөрөнгө бол татвар төлөгчдийн хуруу хумсаа хугалах шахам зүтгэж байж олсон мөнгө. Тиймээс Засгийн газар тусгай сангийн хөрөнгийг үрэн таран хийхгүй, маш зохистой менежментээр удирдаж, дорвитой үр дүн гаргах учиртай.
УИХ-ын 30 гаруй гишүүн албан тушаалаа урвуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авсан гэх дуулиан намжаагүй байна. Үнэндээ манай эрхэм гишүүд хамаарал бүхий аж ахуйн нэгж, садан төрлийнхөө компаниар дамжуулан тус бүр 800 саяас нэг тэрбум төгрөг хүртэлх зээл авсан нь илэрхий боллоо. Зарим нь хоёр ч компаниар дамжуулан хоёр тэрбум төгрөг зээлсэн тохиолдол ч бий. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй холбоотой 100 орчим тэрбум төгрөгийн “маапаан” яригдаж буй. УИХ-ын гишүүд жижиг, дунд бизнес эрхэлж, амьдралаа өөд нь татан, тав арван ажлын байр бий болгох хүмүүст очих мөнгийг замын дундаас эрх мэдлээр дулдуйдан “дээрэмдэж”, зориулалтын бусаар ашигласанд олон нийт ихээхэн дургүйцэж буй. Улсаа хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааг сайжруулахаар төрийн эрх ямбыг гартаа авсан хүмүүс эрх мэдлээр далайлган иргэдийнхээ боломжийг булааж буй нь тэвчиж суумааргүй увайгүй үйлдэл мөн.
...Бага хүүтэй зээл олгодог учраас л улстөрчид тусгай сангууд руу “шуналын нүд” чулуудсаар ирсэн билээ. Тэд танил тал, эрх мэдлээрээ далайлган Засгийн газрын тусгай сангаас зээл аваад хувийн бизнесээ дэмждэг нь нууц биш. Үүний хамгийн “сонгодог” жишээ нь ЖДҮХС-гаас авсан УИХ-ын гишүүдийн зээл...
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд харьяалагддаг Засгийн газрын хоёр тусгай сан тус бүр 100 орчим тэрбум төгрөгийн асуудалтай болжээ. Засгийн газар одоогоор 29 тусгай сан удирдаж байна. Эдгээрийн санхүүгийн урсгал, зээлийн чанарыг нь шалгавал ямар нэгэн “но” илэрч л таарна. “Цэвэр агаар” сангийн мөнгийг хулгайлсан ажилтнууд нь “аавын хаалга” татсан гашуун сургамж бий. ЖДҮХС-гийн хэрэгтэй холбоотойгоор хэдэн ч ажилтан нь аавын хаалга татах юм, бүү мэд. УИХ-ын эрхэм гишүүд гэмт хэрэг үйлдсэн ч халдашгүй дархан эрхдээ дулдуйдаад өнгөрөх бололтой. Цаашлаад Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн чанаргүй зээл ил болбол бас багагүй дуулиан дэгдэх болов уу. Олны дунд “мөнгө угаах газар” хэмээх хочийг авчихаад байгаа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тайлан тооцоо, мөнгө хөрөнгийн зарцуулалтыг шалгаж, ил болгохыг Засгийн газраас шахах нь зүйтэй.
Засгийн газар тусгай сантай байж болно. Төр зарим салбартаа санхүүгийн хөнгөлөлттэй дэмжлэг өгч, хөгжүүлэх зорилгоор тусгай сан байгуулдаг. Зорилго нь нийгмийн сайн сайхны тулд байдаг учраас тусгай сангуудын зээлийг арилжааны банкныхтай адилтгаж болохгүй. Зорилготойгоо уялдаад маш бага хүүтэй зээл олгодог тогтолцоотой. Бага хүүтэй зээл олгодог учраас л улстөрчид тусгай сангууд руу “шуналын нүд” чулуудсаар ирсэн билээ. Тэд танил тал, эрх мэдлээрээ далайлган Засгийн газрын тусгай сангаас зээл аваад хувийн бизнесээ дэмждэг нь нууц биш. Үүний хамгийн “сонгодог” жишээ нь ЖДҮХС-гаас авсан УИХ-ын гишүүдийн зээл.
Засгийн газрын тусгай сангуудыг тойрсон ямар тогтолцоо байна вэ? Сонгуулийн үр дүнгээр ялсан нам нь Засгийн газраа бүрдүүлдэг. Тэгээд шинээр томилогдсон сайд хариуцаж буй тусгай сангаа намынхаа үнэнч гишүүдээр дүүргэнэ. Сан удирдаж байсан, санхүүгийн өндөр боловсролтой, эсэх нь онцын шалгуур биш. Ажлыг нь нураачихгүй хэмжээнд ажиллах оюуны чадамжтай, хамгийн гол нь үнэнчээр зүтгэх хүнийг л тусгай санд ажиллуулдаг. Тэгээд тэдэндээ үүрэг өгч, улстөрчид, холбоо сүлбээтэй бизнесмэнүүддээ хөнгөлөлттэй зээл олгуулна. Нөгөөдүүл нь зээлсэн мөнгөө зориулалтын бусаар ашиглана. Тийм тогтолцоо бүрджээ. Уншигч та магадгүй хэтэрхий хараар будлаа гэх байх. Гэхдээ Засгийн газрын дийлэнх тусгай сангийн менежмент ийм л тогтолцоотой байгаа.
Тэгэхээр бид энэ тогтолцоог яаж нураан, тусгай сангуудын үйл ажиллагааг хэрхэн зөв замд нь оруулах вэ? Нийгмийн идэвхтэй амьдралтай, арай дөнгүүр боловсролтой хэсэг нь тусгай сангуудын удирдлагыг санхүүгийн менежментийн компаниар хийлгэх хэрэгтэй гэж ярих боллоо. Энэ бол гарц хайсан зөв санаа. Төр бодлогоо гаргаж, тусгай сангууддаа санхүүжилт олгоно. Харин санхүүгийн менежментийн компани бодлогыг нь хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ гэсэн үг. Тэд төрийн бодлогыг хэрэгжүүлснийхээ төлөө тодорхой хэмжээний хөлс авна. Харин бодлогыг хэрэгжүүлэхдээ алдаа гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийвэл хариуцлага хүлээнэ. Ийм тогтолцоонд шилжүүлэх хэрэгтэй.
ЖДҮХС-гийн удирдлагыг санхүүгийн менежментийн аль нэг компани хэрэгжүүлж байя гэж төсөөлье. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүдтэй холбоотой олон компани зээл авч чадахгүй байсан нь тодорхой. Хариуцлагад татагдаж, шаварт унах учраас санхүүгийн менежментийн компаниуд сайтар шалгана. Тэд “томруулдаг шил”-ээр харж, сайтар нягталсны дараа зээл олгоно. УИХ-ын гишүүд “Наад компанидаа зээл олго” гэж дарамталсан ч тэд тоохгүй. Хэрэв ийм тогтолцоотой байсан бол жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээл “жинхэнэ” эзэндээ очих байж. Ерөнхийдөө тусгай сангийн менежментийг хувийн хэвшлийн мэргэшсэн хүмүүст хариуцуулснаар Засгийн газрын тухайн салбарыг хөгжүүлэх бодлого замдаа цалгардахгүй, зорилгодоо хүрэхэд дөхөм болно гэсэн санаа юм.
Ингэхийн тулд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах учиртай. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тусгай сангийн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг Засгийн газар баталж, санхүүгийн менежментийн компани хэрэгжүүлнэ гэсэн агуулгатай заалт оруулж байж дээрх санаа ажил хэрэг болох боломжтой. Мөн Засгийн газар тусгай сангийн менежментийг хийхийг хориглох нь зүйтэй юм. Тусгай сангийн менежмент төрийн савраас тусдаа байх нь яах аргагүй зөв.