УИХ-ын гишүүдээс “дэггүй” нь Э.Мөнх-Очир. Учир нь “Ц.Батбаярыг Э.Мөнх-Очир зодлоо, маргалдлаа, гишүүнийг хэн нэгэн танигдахгүй болтол нь зодлоо” гэх мэдээлэл байсхийгээд гардагтай холбоотой. Саяхнаас “Оюутолгой” компанийн дэд захирал Ц.Содхүүд зодууллаа гэсэн мэдээлэл гарах боллоо.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн баттай эх сурвалжаас энэ тухай тодруулсан юм. “УИХ-ын гишүүн Э.МөнхОчир өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригийн 01.20 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн. Тэрбээр “Оюутолгой” компанийн дэд захирал Ц.Содхүү намайг зодлоо. Түүнийг саатуул” гэж хэлсэн. Гэмтлийн зэрэг нь ямар болохыг тогтоох ажил эхэлсэн. Иргэн мэдээлэл өгсөн учир бид шалгаж, эцэслэн шийдэх ёстой. Түүнтэй хамт явсан хамгаалагч гэж танилцуулсан хүн мөн адил өөрийгөө хянах боломжгүй болтлоо согтсон байсан” гэв.
Түүгээр зогсохгүй эрхэм гишүүн цагдаагийн ажилтнуудыг доромжилж, агсам тавьсан аж. Харин энэ талаар гишүүний хууль эрх зүйн зөвлөх Т.Дэлгэр баяраас тодруулахад “Э.Мөнх-Очир гишүүн Ази Европын уулзалтын дээд хэмжээний наймдугаар уулзалтад оролцож, Бүгд Найрамдах Финланд болон Данийн Вант улсад албан ёсны айлчлал хийхээр Ерөнхийлөгчийг дагалдан ням гаригт явсан. Явсан да руйд нь ийм мэдээлэл гарлаа. Хэн нь хаанаас ийм үндэслэлгүй мэдээлэл гаргадаг юм бол. Гишүүн хэнийг ч зодоогүй, зодуулаагүй. Анх энэ тухай мэдээлэл нэг сайтад гарсан юм билээ.
Сайтууд нэгнээсээ хуулаад л тавьчихдаг юм байна. Энэ мэдээлэл ор үндэсгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв. Гишүүнийг зодсон гэх “Оюутолгой” компанийн дэд захирал Ц.Содхүүгээс энэ талаар тодруулахад “Зодоон болсон гэх өдөр би “Сөүл” ресторанд очоогүй. Намайг өөр хүнтэй андуурсан юм болов уу. Би түүнийг сайн танина. Хэрвээ би түүнийг зодсон бол гишүүний халдашгүй байдалд халдлаа гээд саатуулах байлгүй. Цагдаагийнхан надтай уулзаж, ярьсан зүйл алга” гэв.