Амар хялбар аргаар мөнгө олдог хүмүүсийн гол төлөөлөл бол халаасны хулгайч нар. Нийслэлчүүд, гэлтгүй орон нутгаас хот руу орж ирдэг хүмүүсээс халаасны хулгайчдад “бэлэг бариагүй” нь тун цөөн. Гар утас, хэтэвчтэй мөнгө гээд эд зүйлсийг хулгайлдаг хүмүүстэй НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн байнга тэмцэж, гэмт этгээдүүдийг саатуулан шүүхээр ял шийтгүүлдэг ч суллагдмагцаа “сурсан ажлаа” үргэлжлүүлсээр байдаг билээ. Эрүүгийн хуульд 2015 онд өөрчлөлт оруулж, 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлснээр хулгайн эд зүйлсийг нь борлуулдаг, өөрчилдөг хүмүүст ч хариуцлага хүлээлгэх болсон. НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн хавар халаасны бүлэг хулгайчийг, гар утасны засварчны хамт баривчилсан талаар тухайн үед хэвлэлээр мэдээлж байв.
А.Алтансүх, Б.Дөлгөөн, Д.Даваадэмбэрэл нар иргэдийн халааснаас гар утсыг нь хулгайлж, “Драгон” төвийн дэргэдэх гар утасны худалдааны төвд лангуу түрээсэлдэг засварчин Л.Ганзоригоор дахин давтагдашгүй дугаарыг нь өөрчлүүлдэг байсан хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимынхан эцэслэн шийдвэрлэлээ. Энэ хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс уншигчдадаа хүргэе. Сар шинийн баяр дөхөж зах, худалдааны төвүүдээр халаасны хулгайч нар “аялж” яваа энэ үед эд зүйлдээ иргэд бид л анхааралтай хандах ёстой билээ.
Иргэн Б 2017 оны арваннэгдүгээр сарын нэг өдөр XМК-Офицеруудын ордон чиглэлийн автобуснаас буух гэж байхдаа халаасандаа гараа хийтэл гар утас нь алга болсон байжээ. Ингээд автобусны камер шүүх гэтэл жолооч нь боломжгүй гэж. Хохирогч Б “Самсунг жи-7” загварын гар утсаа хулгайд алдсанаа цагдаагийн байгууллагад мэдүүлж, бүртгүүлсэн байв. Энэ мэтээр 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ноос хойш тухайн сар дуусталх хугацаанд 10-аад хүний халаасыг ухаж, гар утас, хэтэвч зэргийг нь хулгайлжээ. Тэд ихэнхдээ анхаарал муутай яваа охид, бүсгүйчүүдийн гар утсыг хулгайлдаг байсан нь хавтаст хэргээс анзаарагдана. Бүр ерөнхий боловсролын сургуулийн сурагч охины утсыг хүртэл “туучихсан” байв. Халаасны хулгай хийдэг дээрх хүмүүс Хонконгод явж байхдаа танилцсан бөгөөд тухайн бүс нутагт манайхан ямар ажил хийдгийг уншигчид андахгүй.
Ингээд тэд хулгайлсан гар утсаа “Драгон” төвийн дэргэдэх гар утас засварын төвийн засварчин Л.Ганзоригт өгч өөрчлүүлсэн байгаа юм. Энэ талаар Л.Ганзориг “2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний 18.00 цагийн үед ажил дээрээ байж байтал А.Алтансүх, Б.Дөлгөөн нар орж ирээд “Энэ утасны кодыг тайлаад өгөөч” гээд “Самсунг жи-7” загварын шаргал гар утас гаргаж өгсөн. Кодыг нь тайлаад сим картаа хийсэн чинь тэр утас сүлжээний кодтой байсан. Тэдэнд үүнийг нь хэлэхэд бас л тайлаад өг гэсэн юм. Би ёсоор болгосон. Гэтэл IMIE дугаар нь 0000 болоод сүлжээгүй болчихсон. Сүлжээ оруулахын тулд заавал IMIE код хийдэг талаар тэдэнд хэлэхэд заавал янзлаад өг гээд байсан. “Мобиком”, “Юнител”-ээс албан ёсоор худалдан борлуулсан, эсвэл урд хөршөөс оруулж ирж байгаа гар утаснуудад өөр дугаар хийвэл түгжигддэг. Өөрөөр хэлбэл, “Мобиком”-ын сим карт ашиглаж байсан утсанд “Юнител”-ийн сим карт хийхэд түгжигддэг. Яг түүн шиг өөр карт хийсэн чинь түгжигдсэн. Түгжээг тайлахад 5000 төгрөг байдаг. IMIE кодыг 20 000 төгрөгөөр өөрчилдөг. Тэр утас нь хулгайнх биш гэж тэд хэлж надад итгүүлсэн. Би тэр гар утсыг 180 000 төгрөгөөр худалдан авч, эхнэрийнхээ ажиллуулдаг лангуунд тавьж зарсан” хэмээн мэдүүлжээ. Мөн гар утас авчирч өгсөн залуусыг хулгай хийдгийг ч мэддэг талаараа ярьсан байна.
Цагдаагийнхан энэ хэргийг шалгах явцдаа Л.Ганзоригийн хэрэглэж байсан компьютер, сүлжээний код тайлагч төхөөрөмж зэргийг хураан авсан бөгөөд ШШҮХ-гийн шинжээч нар “Компьютер дахь Z3X программ нь гар утасны хавтан дээрх системтэй холбогдож өөрчлөлт оруулах зориулалттай программ, энэ программыг төхөөрөмжийн хамт ашиглаж гар утсыг компьютерт холбон IMIE дугаарыг өөрчлөх боломжтой” гэж дүгнэсэн аж.
Шүүх, прокурорын байгууллагаас гар утасны засварчин Л.Ганзоригийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор утасны IMIE дугаарыг нь тусгай төхөөрөмж, зөөврийн компьютер ашиглан өөрчилж, мөнгө угаасан хэмээн буруутгасан юм.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд “А.Алтансүхэд гурав, Б.Дөлгөөнд хоёр, Д.Даваадэмбэрэлд дөрвөн жил хорих ял нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол Л.Ганзоригийг мөнгө угаасан гэм буруутайд тооцож, зургаан сар хорих ял шийтгэсэн аж. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх мөнгө угаасан үйлдэл нь нотлогдохгүй байна хэмээн Л.Ганзоригт оноосон ялыг хэрэгсэхгүй болгосон байна. Харин Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар энэ хэргийг хэлэлцээд мөнгө угаасан үйлдэл нь хангалттай нотлогдсон хэмээн анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг хэвээр үлдээжээ. Л.Ганзоригийн өмгөөлөгч Н.Тэрбиш “Өнөөдөр гар утасны засвар хийдэг бүх л хүн Z3X программ болон box төхөөрөмжийг ашиглаж үйл ажиллагаа явуулдаг шүү дээ” гэсэн утгатай өмгөөллийн үг хэлсэн байдаг. Гар утас засварчдаас Л.Ганзориг л ийнхүү ял шийтгүүлсэн, магадгүй цаашид хулгайн гар утасны дугаарыг өөрчилсөн өөр хүмүүс ч мөнгө угаасан гэх үндэслэлээр ял шийтгүүлж болзошгүй. Тиймээс хаана хаанаа анхааралтай байж, гар утасны хулгайчдыг өөгшүүлсэн үйлдлээ засварчид болихгүй бол хууль хатуу болжээ.