ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ Пүрэв гаригт албан ёсны айлчлал хийхээр Сербийн нийслэлд хүрэлцэн иржээ. Белградын онгоцны буудалд Оросын Ерөнхийлөгчийг Сербийн удирдагч Александр Вучич өөрөө тосжээ. Хоёр улсын тэргүүн нар Оросын Ерөнхийлөгчийн Aurus автомашинд хамтдаа суун Белград хотын Чөлөөлөгчдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр зорьжээ.
Үүнээс хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 15-нд Белградын хууль сахиулагчид нэгэн сэжигтэй эрийг саатуулжээ. Сэжигтэн эрийг Армина Алибашич гэдэг бөгөөд тэрээр дуран хараатай винтов буу, тэсрэх бөмбөгөнд зориулсан эд анги, тусгай холбооны төхөөрөмж, “Исламын улс” террорист бүлэглэлийн туг, лалын хэт даврагч үзэл бодлыг сурталчилсан уран зохиол зэргийг биедээ авч явж байжээ. Шалгалтын явцад тэрээр Оросын Ерөнхийлөгчийг Сербид ирэх өдөр нь амь насанд нь халдах гэж байсан тухай Сербийн “Informer” сонин мэдээлсэн байна.