Агаарын бохирдлыг бууруулахын тулд хиймлээр үүл үүсгэх санаачилгыг Тайландын Засгийн газар гаргасан тухай “Strait times” сонинд бичжээ. Хур тунадас багатай, хуурай улирал тохиож буй энэ үед автомашин, үйлдвэрүүдээс ялгарч буй утааны улмаас нийслэл Бангкок, тус хотыг тойрсон бүс нутгийн агаарын бохирдол ихэссэн аж. Энэ бүс нутгийн агаар дахь PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан агаарын чанарын стандартаас давж, нэг шоо метрт 70-100 микрограмм болсон байна.
Тус улсын Засгийн газар агаарын чанараа сайжруулахын тулд хоёр нисэх онгоц ашиглан агаарт давс цацах замаар хиймэл үүл үүсгэн, бороо оруулжээ. Ийм арга хэмжээг цаашид ч авахын сацуу иргэддээ амны хаалт тарааж, гал түймэртэй тэмцэх албаны машинуудыг ашиглан ус шүршихээр болсон аж. Нийгмийн эрүүл мэндийн сайд нь мэдэгдэл хийхдээ “Байдал улам дордвол сургуулиудаа түр хаах асуудлыг хэлэлцэнэ. Агаарын бохирдлыг бууруулах олон арга хэмжээг цаашид авна” хэмээн амласан байна.