НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргыг сонголоо. Эхний санал хураалтад хоёр нэр дэвшигч 21, 21 саналаар тэнцсэн тул дахин санал хураалт явууллаа. Санал хураалтад 43 гишүүн оролцсоноос 24 гишүүн буюу 55.8 хувийн саналаар С.Мөнхчулуун Улаанбаатар хотын захирагчаар сонгогдлоо.
Хурал дууссаны дараа түүнээс Нийслэлийн Засаг даргаар томилогдвол хамгийн түрүүнд ямар ажлыг хийж, хэрэгжүүлэхийг нь тодрууллаа.
Тэрбээр "Өнөөдөр НИТХ-ын хуралдаан болж, Нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралд 43 гишүүн ирснээс 24 нь намайг сонгож, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо. Миний хувьд хамгийн түрүүнд МАН-аас дэвшүүлсэн "Аз жаргалтай хот" мөрийн хөтөлбөрийг зуун хувь биелүүлэхийн төлөө ажиллана. Ингэхийн тулд үлдэж буй 1.5 жилийн хугацаанд хурдтай, олуулаа хамтарч ажиллах ёстой. Мөн нийслэл хотын утаа, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэнэ.
Үүнээс гадна Улаанбаатар бол хүүхдэд ээлтэй, ажилтай орлоготой хот байх ёстой. Иймд 45 төлөөлөгч, есөн дүүрэг, 33 агентлаг, 28 төсөвт үйлдвэрийн газруудад хөрөнгө төсвийг нь олгоод, төсвөөс гаргасан нэг төгрөгийнхөө төлөө хяналт тавьж ажиллана. Харин халгаа сэлгээ, бүтэц бүрэлдэхүүн өөрчлөхийн хувьд Засгийн газар шийднэ. Миний хувьд одоо байгаа бүтэц бүрэлдэхүүнийг илүү чадавхижуулж явах нь зүйтэй гэсэн бодолтой байна. Тэрнээс биш өөрчлөлт хийж, халж сольсноор ажил урагшлахгүй" гэв.
Мөн "Нэгжийн тухай хуулиар Ерөнхий сайд ирүүлсэн саналыг нэг удаа буцаах эрхтэй. Буцсан тохиолдолд 15 хоногийн дотор тухайн шатны хурал хэлэлцээд, дахин санал хүргүүлдэг. Үүний дараа тав хоногийн дотор Ерөнхий сайд Нийслэлийн Засаг даргыг томилох үүрэгтэй байдаг" гэлээ.
ТОВЧ НАМТАР
Төрсөн он сар өдөр: 1979.01.28
Төгссөн сургууль : 1997- 2001 Техникийн их сургууль – механик инженер, 2011- 2013 Удирдлагын академи – Төрийн удирдлагын магистр, 2015 оноос Удирдагын академи – Төрийн удирдлагын доктрант
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол: Дээд, магистр, доктрант
Ажилласан байдал : 2009- 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн, 2010- 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012- 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
Гавъяа шагнал: Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Нийслэлийн 370, 375 жилийн ойн медаль, Нийслэлийн Засаг даргын жуух бичиг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг
Сонгуульт ажил: 2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон, 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон, 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга, 2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга.